Итгэмжлэгдсэн эмийн хяналтын лабораторитой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-12-22 11:55:41

Монгол Улсын Эмийн хяналтын лаборатори нь олон улсын байгууллагын итгэмжлэлийн гэрчилгээ авахад бэлэн болжээ.

Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын  хөгжил  хөтөлбөр-4” төслийн хүрээнд МХЕГ-ын харьяа Эмийн хяналтын лаборатори ISO/IEC 17025:2005 стандартын дагуу АНУ-ын ANAB/ACLASS итгэмжлэлийн байгууллагын урьдчилсан үнэлгээнд 2015 оны 5 дугаар сард хамрагдсан бол төгсгөлийн шатны үнэлгээнд 10 дугаар сард амжилттай орж, одоо итгэмжлэлийн гэрчилгээтэй болох л үлджээ.

Монгол Улс нийт эмийн хэрэглээнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг бөгөөд гадаадад үйлдвэрлэсэн эмийг олон улсын стандарт, шаардлагыг хангасан лабораторид шалган шинжлэх нь иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй. Хоёр том хөрш улсын дунд оршдог Монгол Улс хуурамч эмийг олж илрүүлэх, таньж, шинжлэх талаар онцгой анхаарах ёстой. Мөн дотооддоо үйлдвэрлэсэн уламжлалт эмүүд зөвхөн дотоодын зах зээлд бус дэлхийд зарагдах боломж байгаа юм. Ийм болохын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэж, баталгаажсан байх ёстой.

Энэ хэрэгцээ шаардлагын улмаас 2008 оноос Эмийн хяналтын лаборатори, ЭМСЯ-наас тус лабораторийг олон улсын стандарт нийцүүлэх санаачилга гарч өнөөдөр биелэлээ олох нөхцөл бүрджээ. Уг гэрчилгээг авснаар Эмийн хяналтын лаборатори дотоодын болон импортын эмийн чанарыг бүрэн баталгаажуулах, эмийн зах зээлд хуурамч, стандартын бус эм нэвтрэхээс сэргийлэх, бүс нутгийн хэмжээнд эмийн чанарын сорил туршилт хийх боломж бүрдэнэ.

Д.Өлзий

Связанные новости