ЕСБХБ: "Оюутолгой"-д оруулах 1.2 тэрбум долларын синдикат зээлийг бүрдүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-12-21 15:05:06

ЛОНДОН. /Reuters/. Монголын “Оюутолгой” зэсийн ордын 4.4 тэрбум долларын санхүүжилтийн багцад орж буй 1.2 тэрбум долларын синдикат зээлийг бүрдүүллээ гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ мэдэгдэв.

Түүхий эдийн ханш унасан энэ үед хэрэгжиж байгаа Монголын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гурван төслийн нэгийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” уул уурхайн компани 12 дугаар сарын 15-нд санхүүгийн гэрээ байгуулсан тухай мэдэгдсэн билээ.

Уг төслийн 66 хувийг “Рио Тинто”-гийн охин компани “Turquoise Hill”, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг.

ЕСБХБ-ны мэдэгдсэнээр, уг синдикат зээлийн 400 сая долларыг өөрийн данснаасаа, үлдсэнийг нь арилжааны болон хөгжлийн банкуудаас гаргах ажээ.

400 сая долларын зээл нь ЕСБХБ-ны түүхэнд олгосон хамгийн том зээлүүдийн нэг юм гэж тус банкны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Зүүн Европын хуучин коммунист орнуудад хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулагдсан ЕСБХБ 2006 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ үеэс хойш тус банк Монголын эдийн засагт нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Чулуужсан түлш болон уул уурхайн төсөлд хөрөнгө оруулалт хийсэн гэж ЕСБХБ шүүмжлэлд өртөж байсан. Гэвч тус банк мэдэгдэлдээ, “Оюутолгой” орд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Монголын ДНБ-ий гуравны нэгийг дангаараа бүрдүүлж, тус улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд дэм болно гэжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости