Оюуны тамирчид ДАШТ-ээс 26 медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-12-21 09:22:26

БНХАУ-ын Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-нд болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд 25 улсын 278 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүлэв.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож 26 медаль хүртлээ. Манай тамирчид бүх насанд дэлхийн нийт 5 дээд амжилтыг шинэчилсэн юм. Насанд хүрэгчдийн ангилалд Их мастер С.Цогбадрах "Speed Numbers" төрөлд, дунд насны ангилалд З.Цэцэгзул "Binary Numbers" төрөлд, Их мастер Э.Пүрэвжав "Speed Numbers", "One Hour Card" төрөлд, бага насны ангилалд Ж.Дөлгөөн "Random Words" төрөлд тус тус дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоов.

Түүнчлэн Их мастер Э.Пүрэвжав нийлбэр оноогоор тэргүүлж өсвөрийн дэлхийн аварга болсон бол хоёрдугаар байрт өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, гуравдугаар байрт Азийн мастер З.Цэцэгзул нар тус тус орлоо. Өсвөрийн тамирчид ийнхүү авах боломжит 30 медалийн 22-ыг нь хүртжээ.

Их Мастер Э.Пүрэвжав, Э.Энхмөнх нар тэмцээний хамгийн том цол болох Олон улсын Их мастерын болзлыг хангаж нийт тамирчдаас шилдэг 10-т шалгарсан бол Б.Шижир-Эрдэнэ Их мастер цол, Т.Энхжин, Н.Түвшинтөгс, Б.Ариунсанаа, Б.Хангай, Э.Ялгуун, А.Номин нар Олон улсын Мастер цол хүртлээ.

Дашрамд дурдахад, Монголын Оюун Ухааны Академийн тамирчид өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 35 тэмцээнд оролцож эх орноо дэлхийд сурталчлан нийт 484 медаль хүртжээ.

Ж.Болор

Связанные новости