Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад буцалтгүй тусламжийн өвс хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-15 13:51:12

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан,  аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна.

2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байгаа. Гэвч энэ сарын 14-ний байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см /нягт 0.12-0.24 см/ -т хүрчээ. Цаашид ч зарим аймгийн сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас Засгийн газраас дээрх аймгуудад улсын нөөцөөс буцалтгүй тусламжаар өвс олгон, тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулж, хүн эмнэлэг, шуурхай албыг хэрэгцээт автомашинаар хангах “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан байна.

Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах, олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан, холбогдох баримтын хамт гүйцэтгэлийн тайланг гаргаж ирэх оны 2 дугаар улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт, улсын төсвөөс олгосон өвс, тэжээл, автомашиныг мөн тус хугацаанд багтаан нөхөн бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон гэж тэрбээр мэдээлэв.

Б.Туул

 

Связанные новости