“МИК” 64 мянга гаруй зээлдэгчийн зээлийг худалдан авч, 3.2 их наядын бонд гаргаад байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-08-10 15:47:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ипотекийн корпорац ("МИК Холдинг") ХК энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр Монголын Хөрөнгийн биржийн байранд танилцууллаа.
МИК нь Засгийн газрын орон сууцны Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 14 удаагийн хэлцлээр 64.772 зээлдэгчийн зээлийг багцлан худалдан авч, 3.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаад байна. 2013 оноос хойш Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрт нийт 571.1 тэрбум төгрөг, купоны төлбөрт 352.1 тэрбум төгрөгийг үнэт цаасны хөрөнгө оруулагчдад төлсөн. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилтийг МИК ХК Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор дамжуулан Монголбанк руу буцаан чиглүүлж эдгээр бондын эргэн төлөлтийн тодорхой хэсгээр орон сууцны хөтөлбөрийн санхүүжилт үргэлжилж байгаа юм. МИК ХК нь 2018 он хүртэл 10 банкнаас нийт 60 удаагийн буцаах нөхцөлтэй худалдан авалтаар 80.6 тэрбум төгрөгийн багцыг худалдан авснаас 72 хувийг компанийн өөрийн хөрөнгөөр, 28 хувийг Герман улсын Сэргээн босголтын зээлийн банкнаас авсан урт хугацаатай зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж, ингэснээр үүнтэй тэнцэхүйц хэмжээний зээлийн эх үүсвэрийг банкуудад олгон орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэхэд хувь нэмээ оруулж байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. 
Тодруулга: МИК ХК-ийг 2006 онд Монголбанк, арилжааны 10 банк хувь нийлүүлэн үүсэн байгуулж, 2012 онд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл авч, Орон сууцны санхүүжилтийн компани ОССК болсон. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд борлуулах замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, цаашид орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгон төлөвшүүлэх зорилготой байгууллага юм.
Б.Болд
Холбоотой мэдээ