top banner

М.Мөнхшүр: ЗТХЯ-ны гадна гарсан хүн амины хэргийг шалгаж байна


2018-08-10 13:51:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнийхээ аминд хүрсэн гэх хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр мэдээлэл хийв.

Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд өчигдөр буюу энэ сарын 09-ны 21.45 цагт “ЗТХЯ-ны гадаа хүн нас барлаа” гэсэн дуудлага иржээ. Энэ дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн бүрэлдэхүүн үзлэг, шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр ЗТХЯ-ны Төрийн тусгай удирдлагын газрын дарга М хувийн маргааны улмаас тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг ахлах дэслэгч М.Мөнхшүр мэдээллийнхээ эхэнд дурьдлаа.

Тэрбээр, “Энэхүү хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэл үүсгэн шалгалтын ажил үргэлжилж байна. Талийгаач Г-гийн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтооно. Олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттерээр “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ албан тушаал буцаалдан маргалдсан” гэсэн мэдээлэл цацагдсан байна. Үүнийг шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарсны дараа тодруулна. Шалгалтын хариу үргэлжилж байна” гэв.
Д.Болор-Эрдэнэ
 

Монгол брэнд