top banner

ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг хийжээ


2018-08-09 17:34:56
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Олон улсын валютын сангийн 5 дахь шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 6-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийжээ.

Ажлын хэсгийн үнэлгээний урьдчилсан дүгнэлтэд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр нь гарна.

Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 саяын зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгох юм. Харин энэ удаагийн яриа, хэлэлцээрүүд ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт, дунд хугацааны төлөв болон өрийн тогтвортой байдал, санхүүгийн тогтолцоог шинэчлэх болон ядуу иргэдийг хамгаалах замаар өсөлтийг бий болгоход шаардлагатай байгаа бодлогын болон бүтцийн өөрчлөлтүүд зэрэг асуудлын хүрээнд өрнөжээ.

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг гаргасан байна.

Тодруулбал “Ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг гүйцэтгэхэд шаардлагатай бодлогын хүрээнд дэх үр дүнтэй яриа, хэлэлцээрүүдийг эрх баригчидтай хийлээ. Сүүлийн үеийн макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж байгаа боловч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна. “Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд хэлэлцээрүүд ойрын хугацаанд үргэлжилнэ" гэжээ. 
   
 Б.Заяа

Монгол брэнд