top banner

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөв амьдрах ухаан" төвд ажиллав


2018-08-09 15:05:33
Зураг

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаныхан өнөөдөр  “Зөв амьдрах ухаан” төвд ажиллан, тэнд амьдарч байгаа иргэд болон 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд багачуудтай уулзав.

“Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллага нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи, мансууруулах бодисонд донтсон, хорих ангиас суллагдсан, өнчин, ядуу, орох оронгүй, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн болон ажил хөдөлмөр эрхлэх сургалт явуулж, нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг юм.

Байгууллагын тэргүүн Г.Загдаагийн танилцуулснаас үзвэл тус төв 250 орчим иргэнийг дахин нийгэмшихэд нь ямар нэг байдлаар туслаж дэмжжээ. Өнөөдрийн байдлаар энэ төвд 0-72 насны 100 гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагийн цөөнгүй нь цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд байна.

Жирийн иргэн сайн дураараа эмзэг бүлгийн иргэдийг асарч халамжлан, нийгэмшүүлж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслаж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгууллагын тэргүүнд талархал илэрхийлэв.  

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын хөлс болох 243 сая төгрөгөө авч чадалгүй багагүй хугацаа өнгөрчээ. Энэ талаар нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагад нь олон удаа хандаж, эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг нь ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт даалгав.

Мөн төвд амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулж, шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд, нэг хашаанд 10 гаруй гэр байгаа учир галын аюулгүй байдалд нь анхаарах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд газраа өргөтгөх хүсэлтийг нь судалж үзэхийг холбогдох дарга нарт үүрэг болголоо.

“Зөв амьдрах ухаан” төвд амьдарч байгаа иргэд хуванцар гэр, тавилга, төмөр эдлэл, блок, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг байна.


Монгол брэнд