Их ган гачгийн улмаас майячуудын соёл иргэншил мөхжээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-09 13:48:47
МЕХИКО. /ТАСС/. Майячуудын соёл иргэншил мөхөх болсон гол шалтгаан нь хүчтэй ган гачиг байсан гэдгийг эрдэмтэд судлан тодорхойлжээ. Кембрижийн их сургууль болон Флоридагийн их сургуулийн судлаачдын “Science” сэтгүүлд нийтэлсэн шинжлэх ухааны өгүүлэлд энэ тухай мэдээлсэн байна.
 
Өгүүллийг бичсэн эрдэмтдийн нэг болох Николас Эвансын үзэж байгаагаар, энэхүү судалгаа нь майячуудын соёл иргэншлийн мөхсөн шалтгааныг судлах ажилд эргэлт болох ажээ.
 
Хүчтэй ган гачгийн талаарх таамаглалыг Их Британийн эрдэмтэд бүр 1990-ээд оны үед дэвшүүлж байсан боловч өнөөдөр л ийнхүү баримт сэлтээр нотлогдлоо.
 
Судлаачид Мексикийн зүүн хойд нутгийн Юкатаны хойгт байдаг Чичанканаб гэдэг нуурын ёроолын хөрсөн дэх изотопын агууламжийг хэмжсэн байна. Цуглуулсан мэдээллүүдийн үндсэн дээр эрт дээр үед унаж байсан хур тунадасны хэмжээг тодорхойлжээ. Тодруулбал, илүү хүнд изотопууд нь удаан задардаг ба тэдгээрийн тоо хэмжээ нэмэгдсэн нь ган болж байсныг илтгэнэ.
 
 
Судалгааны дүнг үзвэл, VIII-X зууны үед тус бүс нутагт унах хур тунадасны хэмжээ 2 дахин багасч байсан бол их хүчтэй ган гачгийн үед 70 хувиар буурч байжээ. Үүний улмаас шош, эрдэнэшиш, хулуу зэрэг ургамлуудыг тарих боломжгүй болсноор майячуудын соёл иргэншил мөхсөн байна.
 
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ