СПОРТЫН ХӨГЖИЛ ДЭХ ШИНЭ АЛХАМ БА ТЭСВЭРИЙН ТАЛБАР

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2018-08-02 17:55:10

БАЙТ ХАРВААНЫ ТАЛБАЙН ОНЦЛОГ

Нийслэл хотноо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн Байт харвааны “360” талбайн нээлтийн ёслол боллоо. Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна.

“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчид ирж хичээллэхээс гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэх бүрэн боломжтой байна.

Олон улсын стандартад нийцсэн байт харвааны энэхүү талбайд 90 хүртэлх метр зайд харвах боломжтойгоос гадна 32 аравч зэрэг байрлана. Хавар, зун, намрын улиралд гадаа бэлтгэл хийх саравчтай бөгөөд бүх зүйл нь эко шийдэлтэй буйд ирсэн зочид, тамирчид сэтгэл өндөр байв.



Мөнхүү өөр нэг онцлог нь шөнийн харваа хийж болоход орших юм. Учир нь гэррэл нь нарны эрчим хүчээр ажилладаг ба бай руу туссан найман ширхэг гэрэл нийлж хоёр квт зарцуулдаг байна. Энэ нь үсний индүү ажиллуулсантай тэнцэх хэмжээний маш бага эрчим хүчийг зарцуулж байгаа юм. Дашрамд өгүүлэхэд талбайд байрлах 58 метрийн өргөн, дулааны улирлын байнгын бэлтгэлийн саравчтай бөгөөд энэ бүхнийг тамирчид өөрсдөө барьж байгуулснаараа онцлогтой байна.

ХАРИУЦЛАГА

Эрт цагийн Монголчууд зориг тэвчээр шалгуур шаардсан орчин нөхцөлд амьдарч байсан учраас тэдний хувьд  энгийн болон  цэрэг дайны зориулалттай гайхамшигтай  зэр  зэмсэг зохиож  бүтээх нь жам ёсны бөгөөд ойлгомжтой хэрэг байсан юм. Энгийн амьдралд болон дайны үед маш чухал ач холбогдолтой ийм нэгэн зэмсэг бол  нум сум юм. Тиймдээ ч эрийн гурван наадамд сурын харваа ордог. Харин өдгөө хүн төрөлхтний олимпийн наадмын төрөл болох байт харвааны талбайтай болж байна. Ийнхүү уншигчдадаа талбайн нээлтэнд оролцсон төлөөлөгчдийн үгийг хүргэе.
 
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголын анхны Дэлхийн аварга, Паралимпын аварга энэ спортоос төрж байсан

“Дэлхийн зэвсэг техникийн хөгжилд композит нум буюу эвэр нумыг монголчууд анхлан зохион бүтээж, хэрэглээнд орлуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Сур харвааг үндэсний уламжал, хэрэглээ болгож байсан үндэстний хувьд байт харвааны спортыг хөгжүүлснээр Монголын анхны Дэлхийн аварга, Паралимпын аварга энэ спортоос төрж байсан билээ.  



Аливаа спортоор өндөр амжилт гаргахад гурван суурь нөхцөл шаардлагатай байдаг гэж судлаачид хэлдэг. Энэ нь уламжлал, сургалт, авьяастан гурав юм. Байт харвааны спортыг хөгжүүлэх энэ суурь нөхцлүүдээс сургалт нь ихээхэн доголдож явсныг өнөөдөр спортод элэгтэй, зүрх сэтгэлтэй хүмүүсийн ачаар нөхөж байна. Энэхүү талбайг бий болгохын төлөө сэтгэл оюун, зүтгэл, хандиваа зориулсан бүх хүмүүст дахин дахин талархал илэрхийлье”.
 
Монголын байт харвааны Ерөнхийлөгч П.Цагаан: 58 жил хүлээсэн талбайг 2 сарын дотор бүтээн байгууллаа

Тэрээр “Та бидний 58 жил хүлээсэн талбайг 2 сарын дотор энэхүү спортод элэгтэй тамирчид, тэдний гэр бүлийнхэн, уг спортыг сонирхогч, дэмжигчдийн хандив тусламж, халуун сэтгэлийн оролцоотойгоор бүтээн байгууллаа. 90 хүртэлх метр зайд харвах боломжтой, 32 аравч зэрэг байрлах, хавар, зун, намрын улиралд гадаа бэлтгэл хийх саравчтай, бүх зүйл нь экологийн шийдэлтэй энэхүү талбайг улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр, 1000 шахам дэмжигчдийн бие сэтгэл, зүтгэлийн хүч, хандив тусламжаар байт сур, харвааны тамирчид манлайлан ажиллаж олон нийтийн дэмжлэгтэйгээр 60 хоногт багтаан өөрсдөө барьж байгуулж байгууллаа.



1960 оноос хөгжиж ирсэн Монголын байт харвааны спортынхон 58 жилийн ой дээрээ энэ төрлийн олон улсын ямар ч тэмцээнийг эх орондоо нүүр улайхгүйгээр зохион байгуулах боломжтой, зориулалтын талбайтай болж, мөрөөдлөө ийнхүү өөрсдөө олны хүчээр биелүүлж чадлаа”.
 
Байт харвааны ОУХМ Ж.Гантөгс: Хүлээлт биелж байна

“Олон улсын стандарт нийцсэн бэлтгэлийн талбайтай болсноор тамирчдын амжилт өсөж, дэлхийд амжилт гаргах боломж бүрдэж байна гэж баярлаж сууна. Энэхүү талбайг бүтээх санаачлагыг гаргасан Монголын байт харвааны холбооны УЗГ С.Эрдэнэболд танд талархснаа илэрхийлье.
Байт харвааны 60-аад жилийн түүхэнд анх удаа бэлтгэл, тэмцээний стандартын талбайтай болж байгаа нь уг спортын түүхэнд оруулж буй том хувь нэмэр юм”.

ЦААШДЫН ҮЙЛ ХЭРЭГ

Уулын спортын ОУХМ, Спортын Гавьяат багш Р.Зориг 1960 онд МБТСЭ-ийн ТЗ-ийн Спорт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа БНХАУ-д байт харвааны дасгалжуулагчаар ажиллаж байгаад нутаг буцаж явсан Чехословакийн мэргэжилтэн Шимек Антонинтой уулзаж өөрийн оронд байт харвааны спортыг хөгжүүлэх талаар санал тавьсан байна. Тэр үед АУДэС-ийн оюутан асан Б.Цэрэн чех хэл мэддэг байсан бөгөөд түүгээр хэлмэрчлүүлэн Шимек Антониныг Монголд 3 сар ажиллуулах зөвшөөрлийг авснаар байт харвааны спортыг өөрийн оронд хөгжүүлэх эхлэлийг тавьсан байна.



Ийнхүү 1960 оны 7 дугаар сараас 45 хоногийн хугацаагаар анхны бүлгэм хичээллүүлснээр манай оронд байт харвааны спорт хөгжиж эхэлсэн түүхтэй. Анхны бүлгэмд Г.Бямбаа, Г.Лхасүрэн, Л.Дэмбэрэл, Г.Дуламсүрэн, Б.Цэрэн нарын зэрэг 10 гаруй хүн суралцаж монгол үндэсний нум сумаар харваж байсан байна.

Тарьсан модоо услахгүй бол мөчирт нь хэзээ цэцэг дэлгэрэхгүй. Тиймдээ ч одоогоор байт харвааны талбайг шүүмжлэх хүмүүс мэр сэр ажиглагдаж буй хэдий ч цаашид улам хөгжүүлэх олон ажил хийгдэхээр төлөвлөгдөөд буй билээ.

Тэдний нэг нь талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27х13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг билэгшээсэн явдал хэмээн зочид сэтгэгдлээ хуваалцаж байв.



Байт харвааны тамирчин хүн нэг л өдөр харвахгүй байхад харвалтын техник, бие махбодод өөрчлөлт ордог байна. Тиймдээ ч шигшээ багийн тамирчид дотооддоо бэлтгэл хийх боломжгүйн улмаас гадагш зорчдог байжээ. Клубуудын тамирчид ч заал, талбайгүйн улмаас бэлтгэлээ тасалдуулах явдал ихээр тохиолддог байна. Харин энэхүү талбайг байгуулснаар бэлтгэл тасалдах тохиолдол гарахгүй болж буйд дасгалжуулагч нар ч баяртай буйгаа илэрхийлэв. Учир нь ирээдүйн шигшээ багийн залгамж халаа, олимпийн аваргууд тэрхүү клубүүдэд бэлтгэгддэг билээ.
 
Б.Алтанхуяг  
Гэрэл зургийг | Н.Батбаяр
 
 
 

Холбоотой мэдээ