top banner

Оросын цэрэг зэвсгийн салбарын амжилтын нууц юунд оршино вэ?


2018-08-02 12:41:15
Зураг
Сүүлийн 20 хүрэхгүй жилийн хугацаанд Орос улс шинэ төрлийн зэвсэг зохион бүтээх талаар барууны улсуудыг гүйцэж түрүүлж чаджээ. Барууны тусламжгүйгээр ямар ч амжилтад хүрэхгүй гэж барууны шинжээчид Зөвлөлтийн дараах үеийн Оросын талаар дүгнэн яриад нэгэнт сурчихаж. Гэтэл Орос улс өөрийн цэргийн хүчээр Сири болон Крымд стратегийн байр сууриа бэхжүүлж буйг харсан барууныхан алмайран гайхаж байна.  

Оросын цэргийн боломж бололцоог дутуу үнэлж байсан нь юутай холбоотой вэ? Яагаад энэ бүхэн ингэтлээ гэнэтийн санамсаргүй зүйл болов?

Дээрх харалган дүгнэлтийг хийх болсон хоёр гол шалтгаан нь 1990-ээд оны үед Орос улс нийгэм-эдийн засгийн уналтад орсонтой холбоотой. Энэ нь ялангуяа батлан хамгаалахын зардлыг харьцуулах үед гол хүчин зүйл болж байлаа.

Тухайн үед Оросын цэргийн зардлыг долларт шилжүүлэн тооцоход АНУ-ынхаас 10 дахин бага байв.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Ерөнхийлөгч Путин өөрөө энэ тоог олон удаа дурдаж байсныг бид сонссон билээ.

АНУ, ОХУ хоёр ДНБ-ийхээ ойролцоогоор 4-5 хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулдаг ба анхдагч байдлаар Америкийн төсвийг доллароор, Оросынхыг рублиэр тооцох нь ойлгомжтой. Ийм учраас шинжээчид Оросын батлан хамгаалахын төсвийг Америкийн цэргийн зардалтай харьцуулахын тулд тухайн үеийн ханшаар долларт шилжүүлэн тооцоолдог.    
 
Гэхдээ ДНБ нь ийм харьцуулалт хийхэд тохиромжтой үзүүлэлт гэж хэлэхэд хэцүү юм. Харин ДНБ-ий нэг хүнд ногдох худалдан авах чадамжийн үзүүлэлтээр тооцох аваас илүү бодитойгоор харьцуулах боломж бий.

Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор нь импортоос огт хамаардаггүй учраас валют солилцооны ханш нь тус улсын цэргийн бодлогод огт нөлөөлдөггүй юм.

Нэг жишээ дурдъя. 2014-2015 онд рублийн ханш хэдхэн сарын дотор доллартай харьцуулахад 2 дахин унасан билээ. Үүний улмаас доллар эсвэл еврогоор импортлон авдаг бараа 2 дахин үнэтэй болсон нь Оросын эдийн засагт хүнд цохилт болсон. Гэсэн хэдий ч энэ нь суурь машинаас өөр юуг ч гадаадаас авдаггүй Оросын цэргийн аж үйлдвэрт бараг нөлөөлөөгүй юм. Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрлэж буй зэвсгийн хэмжээ буурсангүй, шинжилгээ судалгааны ажил хэвийн үргэлжилж, армийн бүтэц, үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт ороогүй байна. Гэтэл цэргийн зардлыг долларт шилжүүлэн тооцоход батлан хамгаалахын салбарт зарцуулж буй ДНБ-ий хувь хэмжээ 2014 онд 1:8, 2015 онд 1:15 харьцаатай болж илт буурчээ.  

Одоогоор нарийн ширийн тооцоо хийхэд түвэгтэй байна. Учир нь, худалдан авах чадамжаар тооцсон ДНБ ба батлан хамгаалахын салбарт төсөвлөж зардлын хэмжээ Орос, Америк хоёрт хоёуланд нь жилээс жилд байнга өөрчлөгдөж байгаа юм. Түүнээс гадна, шинжилгээ судалгааны ажлуудыг өөр төсвөөс санхүүжүүлж байж магадгүй. Энэ бүхний үндсэн дээр, нарийн ширийн тооцоолол хийлгүйгээр нөхцөл байдлын илүү бодитой дүр зургийг гаргаж ирж болох юм.

Хэрвээ худалдан авах чадамжаар тооцсон ДНБ –ээр тооцоолохгүй  тохиолдолд дээрх харьцаа 1:5 болж байгаа юм. Гэхдээ энэ нь мөн л их тоо. Харин уг харьцаанд бусад хүчин зүйлүүдийг оруулан тооцох нь зүйтэй. Үүнд:   

-АНУ нь эзэнт гүрний адилаар батлан хамгаалахын төсвийнхөө нэлээд хувийг дэлхий даяар цэргийн хүчээ тараан байрлуулахад зарцуулдаг. Харин оросууд хилээсээ ойрхон газарт ашиг сонирхлоо хамгаалж, цэргийн хүчээ тараан байрлуулдаггүй учраас хөрөнгө мөнгийг ихээр хэмнэж байгаа юм.   

-АНУ нисэх онгоц тээгч 11 хөлөг онгоцтой. Эдгээр хөлөг онгоцыг хэдэн арван хөлөг онгоцоос бүрдэх бүхэл бүтэн флот дагалдан хамгаалж явдаг бол Орост ийм хөлөг онгоц ганцхан бий бөгөөд баазаа орхин явах нь нэн ховор. Ингэснээр ихээхэн хөрөнгө мөнгө хэмнэж байгаа юм.



-АНУ хилийн чанадад 800 гаруй цэргийн баазтай. Харин Орос 10 орчим баазтай. Хэрвээ тээврийн сүлжээний төвүүдийг оролцуулбал 21 болох юм.

-АНУ-ын хувьд, пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD цогцолборыг /886 тэрбум доллар/ зохион бүтээж, үйлдвэрлэх гэх мэт хэт өндөр өртөгтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Харин Орос улс дайсны хамгаалалтын системийг тойрон гарч чадах, харьцангуй өртөг багатай пуужин, шинэ төрлийн торпедуудыг үйлдвэрлэснээр хүчний тэнцвэрийг сэргээн тогтоож чаджээ.

-АНУ-д бараг 1 их наяд долларын зардлаар 5 дахь үеийн F-350JSF бөмбөгдөгч онгоц зохион бүтээх ажил бүтэлгүйтсэн байна. Үүний шалтгаануудын нэг бол, Америкийн боловсролын тогтолцооны дампуурлаас үүдэн уугуул америк эрдэмтэд эрс ховордсонтой холбоотой. Боловсролын өртөг зардал асар өндөр болсон нь дээрх нөхцөл байдлыг бий болгожээ.   

-Америкийн оюутнуудын ихэнх нь ирээдүйд өндөр цалин авах, сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжуудыг олгодог хууль эрхзүй, анагаах ухааны чиглэлийн сургуулиудад суралцаж байна. Харин шинжлэх ухааны нарийн мэргэжлийн салбарууд төдийлөн нэр хүндгүй болж, зөвхөн чин сэтгэлээсээ суралцах хүсэл тэмүүлэлтэй залуус л шинжлэх ухааныг сонгож,  Массачусетсийн технологийн их сургуулийг төгсч байна. Аюулгүй байдал, цэргийн нууц гэсэн шалтгаанаар уугуул америкчууд л цэргийн хөтөлбөрүүдэд ажилладаг ба тэдний дунд эрдэмтдийн тоо цөөрч байгаа нь батлан хамгаалахын чиглэлийн шинжилгээ судалгааны ажлын чанарт нөлөөлөхгүй байх арагүй юм.   

-Шинжлэх ухааны салбарууд, ялангуяа математик, физикийн салбар бол бүр Зөвлөлтийн үеэс л Оросын давуу тал байсаар ирсэн. Ийм учраас тус улсад зэвсэг зохион бүтээх тал дээр хангалттай тооны мэргэжилтнүүд бий.

-АНУ дахь зэвсгийн үйлдвэрүүд нь улс төрийн шалтгаан ба чөлөөт өрсөлдөөнийг дэмжих гэсэн үндэслэлээр улс орон даяар тархан байршсан байдаг. Энэ нь илүү зардал гаргахад хүргэж байгаа юм. Харин Орос улсад цэргийн аж үйлдвэр нь төвлөрсөн байдаг учраас зардлыг мэдэгдэхүйц хэмнэж байна.

-Афганистан, Иракт хийсэн 15 жилийн дайн Америкийн хуурай замын цэргийг туйлдуулж, зэвсэг техник нь элэгдэлд оржээ. Энэ хугацаанд Орос, Хятад хоёр барууны цэргийн шинжээчдийн анхаарлыг татахгүйгээр байр сууриа бэхжүүлж чадсан байна.

-15 жилийн дайн нь стратегийн өрсөлдөгчдөөс нь АНУ-ын анхаарлыг сарниулж, сул өрсөлдөгчидтэй тэмцэлдэхэд хүргэжээ.

-Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өмнөх сайдын үеийн эмх замбараагүй байдлыг халж, яамандаа дэг журмыг тогтоож чаджээ.

-Үнийг хөөрөгдөх, Америкийн цэргийнхний аюулгүй байдлыг хангаж буй эзлэгдсэн орнууд дахь орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдэд мөнгө төлөх зэргээс үүдэн АНУ-ын батлан хамгаалахын салбар нь асар их зарлагатай байдаг.

-Орост цэргийн албыг заавал хаах хууль үйлчилдэг ба алба хаах хугацаа 12 сар байдаг. Энэ нь маш бага зардлаар 2 сая цэргийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх боломжийг олгоно.  

Хэдийгээр хоёр улсын батлан хамгаалах салбарын төсвийн хэмжээ асар их зөрүүтэй боловч нөхцөл байдал Оросын тал руу хэлбийн тэнцвэржиж буйг  дээрх бүх харьцуулалт харуулж байна. Хэдийгээр мөнгө санхүү дутагдалтай байсан ч гэлээ Ельциний үед ч гэсэн цэрэг зэвсгийн судалгаа үргэлжилсээр байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.  

Дүгнэлт
 
Өөрөөр хэлбэл, Орос улс 1994-1996 оны Чеченийн дайнаас хойш их замыг туулжээ. Тэр ч бүү хэл 2012 онд “Монд” сонинд бичихдээ “Сирийн асуудлаар барууныхантай сөргөлдөх хүч чадал Орост байхгүй, эдийн засгийн шахалтаас үүдэн Орос улс “Их-8”-ын гишүүн орнуудын өмнө бөхийх хэрэгтэй болох нь” гэж байснаас хойш их замыг туулсан байна.



Цахим дайн явуулах, дуунаас хэт хурдан зэвсэг бүтээх, сансрын тойрог замын цөмийн зэвсэг, газар, агаарт болон усан дор хэрэглэх залуурт аппаратууд, сүүлийн үеийн нууцлаг шумбагч хөлөг онгоцууд, лазерын зэвсэг зохион бүтээх тал дээр Орос улс үсрэлт хийж чадсан байна. Барууны хориг болон Оросын хариу арга хэмжээний ачаар тус улсын эдийн засаг барууны неолиберал капитализмаас хамаарах нь улам бүр багасч, ойрын жилүүдэд улам хүчирхэгжих Оросын арми аюултай хүч болон хувирчээ.

Энэхүү нийтлэлийг франц хэлээр гардаг иргэний сэтгүүлзүйн agoravox.fr цахим хуудсанд байршуулжээ.   

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж:https://www.agoravox.fr/tribune-libre/article/la-reussite-militaire-russe-206527
https://inosmi.ru/politic/20180801/242875776.html
  
 


Монгол брэнд