Вьетнамын жишээгээр хөгжих боломж Умард Солонгост бий юү?

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-07-30 13:43:08
Олон улстай хэл амаа ололцож, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулсныхаа дараа БНАСАУ нь Вьетнамын эдийн засгийн шинэчлэлийн туршлагыг судлан хэрэглэж, улс орноо хүнд байдлаас гарган, хөгжил цэцэглэлтийн замд орох боломж бий. Ийм дүгнэлтийг Өмнөд Солонгосын шинжээч Ли Жөн Ва “Project Syndicate” сонинд нийтэлсэн өгүүлэлдээ хийснийг уншигчиддаа орчуулан хүргэе.  

Солонгосын хойг дахь нөхцөл байдал олон арван жилийн турш мухардалд ороод байсан бол одоо ямартаа ч дипломат тал дээр хөдөлгөөнд ороод байна. 6 дугаар сард болсон Ким Жөн Ун, Дональд Трампын нарын дээд хэмжээний уулзалтын дүнд хамтарсан мэдэгдэл гаргалаа. Аюулгүй байдлын талаарх Трампын өгөх баталгааны хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахыг Ким зөвшөөрсөн юм.

Нэг хэсэг хүмүүс энэ үйл явдлыг сайшааж байхад зарим нь БНАСАУ амлалтаасаа ухарч байсан түүхийг сануулж байна. Ким үнэхээр чин сэтгэлээсээ амлалт өгсөн байлаа ч гэсэн Умард Солонгосын эдийн засгийн байдлыг сайжруулсан тохиолдолд л аюулгүй байдлын баталгааны үр дүн болон олон улсын хоригийг цуцалсны үр өгөөжийг Умардын дэглэм хүртэх болно. БНАСАУ хөгжлийн загвар болгон Вьетнамын туршлагыг ашиглаж чадах болов уу?  

1986 онд Вьетнам улсад эдийн засгийн шинэчлэлийн Đổi Mới гэдэг бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хятадад хэрэгжүүлсэн Дэн Сяопиний шинэчлэлийн бодлоготой олон талаараа төстэй уг бодлого нь Коммунист намын хатуу хяналтын дор зах зээлийн эдийн засгийг бий болгоход чиглэжээ. Засгийн газар хамтралуудыг тарааж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг хянаж байсныг цуцалж, газар эзэмших боломжийг тариачдад олголоо. Түүнээс гадна, олон компанийг хувьчилж, гадаадын хөрөнгө оруулалтын талаарх зохицуулалтыг зөөлрүүлж, хувийн бизнес эрхлэхэд таатай уур амьсгалыг бий болгон, экспортын бүсүүдийг байгуулж, хөдөлмөрийн багтаамж ихтэй аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлж эхлэв.

Үүний үр дүнд сүүлийн 30 жилийн хугацаанд Вьетнамын эдийн засаг жилд дунджаар 6,7 хувиар өсч ирлээ. 2017 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2340 ам.доллар болж, экспортын хэмжээ 210 тэрбум доллароос давсан байна. Гадаадын хөрөнгө оруулагчид, тэдгээрийн дотор Өмнөд Солонгосын Samsung корпораци үүнд чухал хувь нэмэр оруулсан билээ.  



4 дүгээр сарын 27-нд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Вьетнамын эдийн засгийн шинэчлэлийн загварыг ашиглах талаар ярилцжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ санааг дэмжиж, эдийн засгаа хөгжүүлэх, АНУ-тай харилцаагаа хэвийн болгох тал дээр умард солонгосчууд Вьетнамын туршлагыг хуулан хэрэглэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Дэлхий дээрх хамгийн тусгаарлагдсан улс болохын хувьд БНАСАУ үнэхээр ийм шинэчлэлийг хийхээр шийдсэн тохиолдолд нэлээд саад бэрхшээлтэй тулгарах болно. Тус улсын төлөвлөгөөт эдийн засаг аль хэдийнэ зогсонги байдалд оржээ. Өмнөд Солонгосын Төв банкны тооцоолсноор, сүүлийн 10 жилийн хугацаанд БНАСАУ-ын эдийн засгийн дундаж өсөлт жилд 1 хувьтай байсан бол нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ дөнгөж 1300 доллар байв. Олон улсын хориг арга хэмжээ нь эдийн засгийн үзүүлэлтүүдийг улам ч дордууллаа. 2017 онд ДНБ 3,5 хувиар буурсан бол экспортын хэмжээ даруй 37 хувиар унаж, дөнгөж 1,77 тэрбум доллар болов.  

Гэсэн хэдий ч Умард Солонгос улс нь харьцангуй сайн гэж болохоор эдийн засгийн бааз суурьтай юм. Боловсролтой ажиллах хүчин, байгалийн асар их баялгаас гадна далайн боомтууд зэрэг газарзүйн хувьд давуу талууд бий. Зах зээлийн шинэчлэлийг өргөн хүрээтэй хийснээр гадаадын хөрөнгө оруулалт, шинэ технологийг татах тул Вьетнамын эдийн засгийн “гайхамшгийг” бодитоор давтах боломж бий. Ингэсэн тохиолдолд Умард Солонгосын ДНБ нь хоёр оронтой тоогоор өсч, нэг хүнд ногдох орлого 30 жилийн дараа 10 мянган долларт хүрэх боломжтой. Худалдаа, шууд хөрөнгө оруулалтын салбарт Өмнөд Солонгостой харилцаагаа хэвийн болгосон тохиолдолд ДНБ-ий жилийн өсөлтөө даруй 3 хувиар нэмэгдүүлэх боломж бий болно.

Үүнээс үүдэн дүгнэхэд “Умард Солонгос энэ замаар явахад хэр зэрэг бэлэн байгаа вэ?” гэдэгт л асуудлын гол нь оршиж байгаа юм. Ким Жөн Ун-ы хувьд өмнөх удирдагчидтай харьцуулахад илүү шинэчлэгч үзэл санаатай байгаа нь найдвар төрүүлж байна. Түүний тунхаглан зарласан «бёнжин» (byungjin) хэмээх дотоод бодлого нь цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн сацуу эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд зэрэг чиглэж байсан нь эцгийнх нь хэрэгжүүлж байсан “сонгун” /армийг эн түрүүнд тавих/ бодлоготой харьцуулахад шинэлэг зүйл байлаа. “Бёнжин” бодлогынхоо хүрээнд Ким ферм, заводуудад илүү бие даасан байдлыг олгож, зарим зах зээлийг чөлөөлсөн юм.

“Бёнжин” бодлого хэрэгжиж дууссан тул хүч нөөцөө эдийн засгийг шинэчлэхэд дайчлах цаг үе ирснийг Ким Жөн Ун 4 дүгээр сард болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлын үеэр мэдэгдсэн билээ. Гэхдээ энэхүү өөрчлөлтийн цар хүрээ нь тодорхойгүй байгаа, тухайлбал, тус улсын эдийн засгийн талаар ямар ч бодитой мэдээлэл алга.  

Хамтын удирдлагын үйл ажиллагаа давамгайлсан Вьетнамаас ялгаатай нь гэвэл, БНАСАУ-д бүхий л чухал шийдвэрийг дангаар захирагч ганцхан хүн л гаргадаг. Гэхдээ энэ нь эдийн засгийн шинэчлэл хийх боломж байхгүй гэсэн үг биш ээ. Хэрвээ Умард Солонгос нь Вьетнамын замаар замнахыг үнэхээр хүсч байгаа бол өргөн хүрээтэй хувьчлал, эдийн засгийг либералчлах үйл ажиллагааг явуулах үед тус улсад улс төр, эдийн засгийн тогтвортой байдал нэн чухал.  

Гэхдээ БНАСАУ-ын хувьд юуны түрүүнд цөмийн зэвсгээс ангижрах тал дээр бодитой бөгөөд итгэлтэй алхмуудыг хийх хэрэгтэй. Энэ бол эдийн засгийн хоригийг зөөлрүүлэх зайлшгүй урьдчилсан нөхцөл билээ. Хориг зөөлрөнгүүт хоёр Солонгос улс хүмүүнлэг, эрүүл мэнд, байгаль орчны салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Кэсон” аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцэх боломжтой.



Цөмийн зэвсгээс бүрэн ангижирсан тохиолдолд л хоригийг цуцална. Энэ үед бусад улс орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтын бодитой түншлэлийг бий болгох боломж Умардад гарч ирнэ. Түүнчлэн Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк болон хөрш орнууд, ялангуяа Өмнөд Солонгосоос санхүүгийн тусламж авах боломжтой болно. Өмнөд Солонгосын засгийн газар хоёр Солонгосыг холбосон төмөр зам, авто замууд болон эрчим хүчний сүлжээг байгуулах боломжтой.

БНАСАУ-ын зүгээс Өмнөд Солонгосоос гадна Япон, АНУ зэрэг Ази-Номхон далайн бусад орнуудтай харилцаагаа хэвийн болгох нь эдийн засгийн гүн гүнзгий шинэчлэлтийн үйл явцыг хурдасгана. Ингэснээр өнөөгийн хаалттай нийгэмд зовж шаналж буй Умард Солонгосын ард түмний ахуй амьдралыг мэдэгдэхүйц сайжруулах боломжтой.

Кимийн дэглэм хүний эрхийг байнга бүдүүлгээр зөрчдөгийг тооцож үзвэл, дэлхийн хамтын нийгэмлэгээс тус улсыг “хэвийн улс орон” гэж хандах хүртэл багагүй цаг хугацаа орох болов уу. Гэхдээ хүлээж цаг алдах шалтгаан алга. Харин ч эсрэгээр, тус улсыг цөмийн зэвсгээс ангижруулах замд төдийгүй ухаалаг, шийдэмгий шинэчлэлийн замд оруулахын тулд яаралтай хөдөлж эхлэх хэрэгтэй байна. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны түрүүнд эдийн засаг, дипломатын тусгаарлагдмал байдлын /Вьетнамд 1980-аад оны эхээр бий болж байсантай төстэй/ сөрөг нөлөөг зөөлрүүлэх хэрэгтэй. Ийм тусгаарлагдмал байдал нь одоогоор Умард Солонгост үлдээд буй багахан нөөц хүчийг нь барагдахад хүргэж магадгүй.    

Солонгосын хойгт цаашид ямар үйл явдал болох нь бүгдэд нөлөөлөх болно. Ийм учраас олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс “хүч нөөцөө цөмийн зэвсэг, пуужин бүтээхэд дэмий зарцуулахаа зогсоож, үүссэн завшааныг ашиглан эдийн засгийн шинэчлэлийн өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх”-ийг БНАСАУ-аас шахаж шаардах нь зүйтэй. Вьетнамын туршлага нь Умард Солонгосын хувьд загвар болох ёстой.

Орчуулсан Б.Адъяахүү   

Эх сурвалж: https://www.project-syndicate.org/commentary/north-korea-economy-reform-sanctions-by-lee-jong-wha-2018-07
https://inosmi.ru/social/20180729/242856581.html

 
 

Холбоотой мэдээ