top banner

“Эко Алтан Заамар”, “Хурай” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг цуцлахаар болов


2018-07-22 20:19:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан заамар” ХХК болон, “Хурай” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-т хүргүүлээд байна.
Ажлын хэсэгт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран, Ой, Ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Отгонтөгс, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхзаяа, Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Чулуунхүү нар ажиллаж, “Эко алтан заамар” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг тус тус зөрчсөн тул долдугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлтээр MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргажээ. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Хурай” ХХК нь мөн дээрх хуулиудыг зөрсөн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул тус компанийн “MV-000201” тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2018/01 тоот дүгнэлтийг гаргасан байна.
Б.Болд
 

Монгол брэнд