Зөвшөөрөлгүйгээр самар, жимс түүж, ан ав хийхгүй байхыг сануулжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2018-07-22 14:25:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самар жимсний улирал ойртож байгаа энэ үед зөвшөөрөлгүйгээр самар, жимс түүж, ан ав хийхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас сануулж байна.
Зөрчсөн хүнийг 300 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттайг анхааруулж байна. Торгохоос гадна байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг юм. Өнгөрсөн онд байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 48 сая төгрөгөөр торгож, байгальд учруулсан 400 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулжээ.
Жимс, жимсгэнээс хамгийн эрт боловсордог нь гүзээлзгэнэ юм. Ийм иргэд жимс түүхдээ тухайн орон нутгийг хариуцсан байгаль хамгаалагчаас газар нутгийг нь заалгаж аваад зөвхөн эрхийн бичиг, зөвшөөрлийн хүрээнд түүж бэлтгэх зайлшгүй шаардлагатайг сануулж байна. Жимсийг түүхдээ навч, иш, үндэстэй биш, зөвхөн боловсорсон жимсийг авч ашиглахыг иргэд анхаарна уу гэж НМХГ-аас зөвлөж байна.
Мөн тарвага, зурам агнах улирал эхэлж байгаатай холбоотойгоор тарвага агнахгүй байхыг сануулж байна. Манай улсад сүүлийн 5 жил тарвага агнахыг БОАЖ-ын сайдын тушаалаар хориглосон. Гэвч иргэд амарч зугаалгаар явах, хөдөө орон нутагт аялж амрахдаа тарваганы боодог хийх гэж их агнадаг. Мөн хот суурин газар руу нууж оруулж ирүүлдэг хууль бус байдлыг гаргахгүй байхыг сануулж байна.
 
Холбоотой мэдээ