Чулуун нүүрсний экспорт өсчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-07-20 20:47:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны хагас жилийн байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспортын 83.3 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.
 
2017 оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрсний экспорт 0.9 сая тонноор, үнийн дүн нь 126.9 мян.ам.доллараар, хилийн дундаж үнэ нь 10.5 ам.доллараар тус тус өсчээ. 2018 оны эхний 6 сард чулуун нүүрсний 98.8 хувийг БНХАУ руу  гаргасан байна. 2017 оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмалын экспорт 0.8 мянган тонноор, хилийн дундаж үнэ нь 338.6 ам.доллараар, үнийн дүн нь 249.3 сая ам.доллараар тус тус өсчээ. Оны эхний 6 сард зэсийн баяжмалыг 100.0 хувь БНХАУ-д гаргасан байна.
2018 оны эхний хагас жилд молибдены баяжмалын экспортын тоо хэмжээ 162.3 тонноор буурч, хилийн дундаж үнэ 5532.6 ам.доллараас 8010.5 ам.доллар хүртэл өсч үнийн дүн нь 6.1 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Молибдены баяжмалын экспортын 86.5 хувийг БНХАУ-д, 8.2 хувийг БНСУ-д  гаргасан байна. Хайлуур жоншны экспорт өнгөрсөн оныхоос 53.4 мянган тонноор, үнийн дүн 29.9 сая ам.доллараар тус тус өсөөд байна. 2017 оны эхний 6 сард 1 тонн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 240.8 ам.доллар байсан бол 2018 оны мөн үед 328.1 ам.доллар болон өсчээ. Хайлуур жоншны 48.3 хувийг ОХУ, 51.5 хувийг БНХАУ-д гаргасан байна.
Холбоотой мэдээ