Үерт өртсөн газруудад ариутгал, халдваргүйтгэл хийж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-07-20 14:25:17
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Үерийн усанд ихээр нэрвэгдсэн айл өрх, албан байгууллагуудад ариутгал халдваргүйтгэл хийж байна.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд тохиолдсон үерийн улмаас Сүхбаатар сумын үерийн хамгаалалтын суваг шуудуу, гуу жалганд ил задгай хаясан хог хаягдал, зарим айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооног халин урсаж, зам талбай хөрс орчныг ихээр бохирдуулсан юм. Иймээс аймгийн Эрүүл мэндийн газраас халдваргүйтгэлийн дөрвөн баг гарч үерийн усанд ихээр нэрвэгдээд байгаа 3, 4, 6, 8-р багийн нийт 44 айл, Сүхбаатар сумын 4-р цэцэрлэг, Боловсрол соёлын газруудад халдваргүйтгэл хийгээд байна.
Цаашид дээрх ажил зайлшгүй хийгдэх шаардлагатай цэнхэр болон шар таван давхрын зарим байрны орц, хонгилоор дахин халдваргүйтгэл хийх аж. Үерийн усаар бохирлогдсон талбайг маш сайн ариутгаж, цэвэрлэхгүй бол халдвар далд нуугдаж байгаад 7-21 хоног бүр цаашлаад нэг сарын дараа илэрч гардаг байна. Иймээс халдваргүйтгэлийн ажлыг маш сайн хийхийг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, нийтийн эзэмшлийн зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай зэргийг долоо хоног тутамд, гэр орондоо өдөр бүр халдваргүйтэл хийж байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Энэхүү халдваргүйтгэлийн ажлыг хийхэд Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар хамтран ажиллаж байгаа ажээ. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ