top banner

Бага ангийн олон улсын математикийн олимпиадаас монголын баг тусгай шагнал хүртлээ


2018-07-19 14:05:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонгконгт энэ сарын 14-19-нд болсон По Леунг Кукийн нэрэмжит бага ангийн олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол хүүхдүүд багийн төрөлд тусгай байрт шалгарч цом, медалиар шагнуулжээ.
Манай улсын багийн бүрэлдэхүүнд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч Э.Энхжин, Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч М.Билэгтөгөлдөр, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Ч.Чингүн, Э.Манлайбаатар нар багтаж тус олимпиадад оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.
АНУ, Австрали, БНХАУ, Болгар, ӨАБНУ зэрэг 20 гаруй орны 36 багийн 144 хүүхэд оролцсон уг олимпиадад Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч Э.Энхжин хувийн төрөлд хүрэл медаль хүртэж, сайхан амжилт үзүүлжээ. Тус олимпиадад манай улс 2012 оноос оролцож эхэлсэн бөгөөд Э.Энхжин Монгол Улсаас хувийн төрөлд медаль хүртсэн тав дахь хүүхэд болж байгаа юм.
Олон улсын олимпиадад сурагчид хувийн төрөлд 15, багийн төрөлд 10 бодлого бодож уралддаг ажээ.

Олон улсын математикийн олимпиадад оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Б.Батцэнгэл ахалсан бөгөөд “Орчлон” сургуулийн математикийн багш Б.Ганболд багшаар ажиллажээ. Энэ удаагийн олимпиадад оролцсон манай хүүхдүүд бусад орныхтой харьцуулбал насаар бага байсан нь бас нэг онцлог байсан байна.



Олимпиадын хаалтын ёслолын үеэр болсон урлагийн тэмцээнд манай математикч хүүхдүүд үндэсний бүжгээрээ шалгарч, цом хүртсэн нь бас нэгэн баяр нэмжээ.

 


Монгол брэнд