Хүнд машин механизмын жагсаалт гаргаж, бэлэн байдалд байлгахыг даалгалаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-07-18 20:19:59
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар 06 дугаар сарын сүүлээр болсон үерийн улмаас үүссэн хохирлыг барагдуулах ажил хэрхэн хийгдэж байгаа эсэх, цаашлаад энэ сарын сүүлээр нутгийн зарим хэсгээр хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул учирч болох эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэв.

Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Баруун-Урт сумын ЗДТГ гээд холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийсний дараа аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар дараах чиглэлийг өгсөн юм. Цаг агаарын нөхцөл байдал болоод Алтан-Овооны их тахилгатай холбоотойгор Онцгой комиссын гишүүд байнгын бэлэн байдалд байх, учирч болох эрсдлийг хэрхэн хохирол багатай даван туулах талаар холбогдох байгууллагууд нарийн төлөвлөгөө боловсруулж ойрын хугацаанд танилцуулах, аймгийн төвд ашиглагдаж буй хүнд машин механизмын жагсаалтыг гаргаж, шаардлагатай тохиолдолд ашиглахад бэлэн байдалд байлгахыг үүрэг болголоо.

Мөн өчигдөр буюу 07 дугаар сарын 17-нд орсон борооны улмаас Мөнххаан сумын хойд тал Бор хоолой гэдэг газар Улаанбаатар Баруун-Урт чиглэлийн 144-150 километрийн хоорондох зургаан километр эвдэрсэн замыг Алтан-Овооны бөаяр наадмаас өмнө засварлуулах саналыг холбогдох яаманд хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм. Одоогоор тухайн хэсгийн зам дээр гарсан элс шороо, чулууг цэвэрлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эвдрэлтэй хэсгийг түр шороогоор нөхөх ажлууд хийгдэж байгаа талаар Талын зам ТӨК-ийн захирал Д.Бямбадорж танилцууллаа.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ