Баяр наадам угтсан бүтээн байгуулалтын ажлууд хийж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-07-18 13:13:30
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Алтан-Овооны тэнгэрийг тайх төрийн их тахилга, Зүүн бүсийн хурд-2018” баяр наадмын бэлтгэл ажил, бүтээн байгуулалтууд Дарьганга суманд ид өрнөж байна. Тус сумын 15кВ гурван километр цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр ашиглалтад хүлээлгэж өглөө.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч, баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Т.Мөнхболд, засаг даргын зөвлөх Д.Амарбаясгалан, Сүхбаатар эрчим хүчний салбарын дарга н.Нарантуяа болон Дарьганга сумын удирдлагууд, холбогдох хүмүүс оролцжээ.

“Шинэ агаарын шугам ашиглалтад орсноор манай сумын эрчим хүчний хэрэглээний хүчин чадал нэмэгдэх юм. Энэ нь Алтан-Овооны наадмын ажлыг угтаж хийсэн томоохон бүтээн байгуулалт бөгөөд цаашид бид үүнийг сумын төвд шинээр байгуулагдах шинэ суурьшлын бүсийнхээ эрчим хүчийг хангахад ашиглах юм. Мөн Алтан-Овооны энгэрээс сумын төв хүртэлх 600 метр замыг хатуу хучилттай болгож байна. Үүнийг баяр наадмаас өмнө ашиглалтад оруулна. Энэ нь улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Ганжуурын хүрд байгуулах, сумын төвд шинээр хоёр худаг гаргах, гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг шинэчилж, сайжруулах гээд олон ажлууд хийж байна. Энэ нь баяр наадмын бэлтгэл ажил боловч цаашдаа манай суманд үлдэх маш том хөрөнгө оруулалт учир манай хамт олон, сум орон нутгийн иргэд маш идэвхтэй оролцож байгаа” гэж Дарьганга сумын засаг дарга Ц.Ганхуяг мэдээллээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ