top banner

Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд зочилж нум эвшээлгэж сум тавив


2018-07-11 15:51:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоны дараа сурын талбайгаар зочлов. 
Тэрбээр сурын талбайд наадамчин олонтой мэндчилж, “Тэнгэрийн чоно” хамтлагийн “Морьтон харваачид” үзүүлбэрийг үзэж сонирхсон юм. Мөн эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр, наадмыг сурвалжилж буй сэтгүүлчдэд товчхон ярилцлага өгөх үеэрээ “Хоёр дахь удаагаа улсын баяр наадмыг нээж байна. Өнгөрсөн жил бэлтгэл хийгээгүйн улмаас сур харваагүй. Энэ жил дөнгөж сая л 3, 4 удаа бэлтгэл хийж харвалаа. Нэг сум нь онолоо. Дараа жил бэлтгэл хийж байгаад нум эвшээлгэж сум тавина" гэлээ. 
 

Монгол брэнд