top banner

Үндэсний ахуй, соёлын онцлогийг харуулсан урлагийн тоглолтоор Монгол наадам эхэллээ


2018-07-11 12:52:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын нээлт өнөөдөр 11.10 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд утга төгөлдөр, сүр жавхлантайгаар эхэллээ.

Эх түүх, ёс заншлаараа дэлхийд данстай, туурга тусгаар Монгол Улсын түүх, өв уламжлал, сүр хүчийг илтгэн харуулсан уран сайхны тоглолтоор эхэлдгээрээ “Монгол наадам”-ыг наадамчин олон төдийгүй гадаадын зочин, гийчид, жуулчдын сонирхлыг ихэд татдаг билээ. Жилийн жилд наадамчин олныг гэгэлзүүлж, Монгол хүн бүрийн эх орноо гэсэн чин сэтгэлийг бадраан баясгадаг энэхүү тоглолтыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар  найруулжээ. Өнгөрсөн хоёр жил наадмын нээлтийн тоглолтын найруулга Монгол Улсын Тусгаар тогтнол,  түүх, домгоороо бахархах агуулгатай байсан бол энэ удаагийнх бүтээн байгуулалт, нөр их хөдөлмөр бүтээл, үндэсний бичиг соёл, байгаль эх, газар шороогоо дээдэлсэн 9 хэсгээс бүрдсэн тоглолт байв.



Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв хэсэгт байрласан 20 хөхүүртэй айраг бүлэх сүрт чимээгээр эхэлж, он цагийн хэлхээс болсон 12 жилийн бэлгэдлүүдийн жагсаалаар үргэлжлэв. Энэхүү 12 жилийн бэлгэдэлтэй  түүхэн үйл явдлыг товчоолон үзүүлэв. Тухайлбал, Монголын түүх, утга зохиолын ноён оргил болсон “Монголын нууц товчоо” хөлгөн судрыг 1240 оны хулгана жил зохиосон бол Монгол Улс 1961 оны үхэр жил НҮБ-ын гишүүн орноор элссэн, Их эзэн Чингис хаан 1206 оны бар жил Их Монгол улсыг байгуулсан түүхийн жимээр наадамчин олон аялав. Төгсгөлд нь Монголын төрт ёс мөнх оршихыг бэлгэдэж, Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо” үсэг төв талбайн голд тодрон мөнхрөв. 



Харин хоёр дахь хэсэгт Монголын ахуй амьдрал, соёл урлагийн түүхийг товчоолон үзүүлэв. Наадмын талбайд барьсан эртний урц, овоохойн гадаа манан татаж, цаа буга давхилдан, бөө удгад онгодоо дуудан цамнана. Улмаар Төв урцад, цаашлаад бүх урцад шинэ хүүхэд мэндлэх дуун хадаасан нь Монголчууд улам  үржин тэлж өсч хөгжих ирээдүйгээр үл тасрахыг бэлгэджээ. Төв талбайн дунд бөөлөх 90 бөө, түүнийг хүрээлэн хүүхдээ тэврэн зогссон 70 ээж, 400 адуучин залуугийн тойрон бүжиг наадамчин олныг баясгаж байлаа. Энэ үеэр хөтлөгчид Монголын түүх, соёл, уламжлалыг шүлэглэн өгүүлснээр өндөрлөв.



Харин гутгаар хэсэг  “Нүүдэлчин ард түмний  4 улирлын жаргалтай амьдрал гэрэлтвэй” сэдвийн хүрээнд үргэлжилсэн. Өвлийн улиралд хос залуус голын хөвөөгөөр зугаалж, үхэр тэргэндээ мөс ачиж буйгаар эхлэн, цөн түрж голын ус хоржигнох, цэцэг ногоо дэлгэрч, төлийн дуу цангинан, усны шувуудын ганганах чимээ нь яг л хавар ирсэн мэт. Улмаар ноос савах, сур элдэх, эмнэг хангал сургах зэрэг малчин түмний ахуй амьдралаар зуныг дүрсэлж, залуу хосууд гэрээ барьж хурим найрээ эхэлж буйгаар намрыг дүрсэлсэн хэсгээр үргэлжлэв.



Монгол ардын үлгэрийн баатар Боролдой хүү хүлэг морьтойгоо наадмын талбайд хүрэлцэн ирснээр “Эрийн гурван наадамтай Монголын их баяр цэнгэл дуурсвай” дөрөвдүгээр бүлэг эхэлсэн юм. Шилбүүр унан давхих 100 хүүхдийн уралдаан, сур харваа, хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж Үндэсний бөхийн өргөөнөөс тогтмол зохион байгуулдаг “Хуурнин шуугигч” тэмцээний оролцогч балчир бөхчүүд эр бяраа үзсэн наадамчин олны өхөөрдөлийг төрүүлж сонирхлыг татав. Энэ үеэр үндэсний бөхийн аварга цолтнууд, эрхий мэргэн харваачид, Галшар, Тэсийн гол, Арвагар хээр, Чонон хээр зэрэг бахархалт хурдан удмын хүлгүүд цэнгэлдэхийг тойрон  цомбон туурайгаар газар сэжлэн байв.



Эртний төр, шашны шинжээч, мэргэд Алтан тэвшийн хөндийг ард олонд ээлтэй, амьдрал бужигнасан газар болохыг зөгнөсөн тухай хөтлөгчийн шүлгээр “Хүн чулууны хонхорт бүтээн байгуулалтын их давалгаа сүндэрлэвэй” тавдугаар бүлэг эхлэв. Энэ хэсэгт өмнөх дөрвөн үзүүлбэрт оролцсон уран бүтээлчид нэгдэж, “Алтан тэвшийн хөндийд очиж, аж жаргалтай амьдралыг бүтээцгээе” хэмээн уриалснаар үргэлжилж, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, агаарын болон төмөр зам, автозамын тээвэр, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын ололт амжилт, их бүтээн байгуулалтыг илэрхийлсэн үзүүлбэрээр өндөрлөв.



“Торгоны зам”, “Цайны зам”, “Их нүүдлийн замаар аялж буй гурван улсын иргэд нэг цэгт огтлолцон уулзаж, улмаар эдүгээ дэлхийн даяршлыг Монгол түмэн эхлүүлж буйгаар “Энх-Амгаланг тогтоож, Торгоны замыг хөгжүүлвэй” зургадугаар бүлэгт  Гурван замын худалдаачдын их найр, худалдаа наймаа үргэлжэх явцад гэнэт дээрэмчид довтлох бөгөөд Монголын 5 дайчин эр тэднийг тосон байлдаж, устгаж буй үйл явдлаар үргэлжиллээ. Тулааны дараа дайчид хувцсаа эх спортын өмсгөлөөр сольсон бөгөөд олимпийн медальт аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, мөнгөн медальт О.Гүндэгмаа, паралимпийн байт харвааны аварга Д.Баатаржав, хүрэл медальт С.Батцэцэг нар байсан нь үзэгчдэд барьсан нэгэн гэнэтийн бэлэг байлаа.



Төв цэнгэлдэхийн төв талбайд 700 цэрэг жагсаж, Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг  уншиж, Монгол орны үзэсгэлэнт байгаль, арвин их баялгийг магтан дуулснаар долдугаар хэсэг буюу “Монголын сайхан орон өнө мөнх оршвой” бүлэг эхлэв.  Хар сарнай хамтлаг “Миний нутаг” дууг үзэгчдийн хүртээл болгож, наадамчин олны эх оронч, үндсэрхэг үзлийг бадраагаад авав. 



Наадмын талбайд байрлах Шилийн богд ууланд 100 залуу Эрийн хийморийн тангараг өргөлөө. Улмаар 100 эмэгтэй, 100 эрэгтэй болон 100 хүүхэд гэр бүлийн аз жаргал, ариун нандин харилцааг харуулсан үзүүлбэр үзүүлж, жүжигчин Т.Бархүү, дуучин Б.Баярцэцэг Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин хүү Б.Бат-Энэрэл нар “Дэлхий ээж” дуугаар наадамчин олны сонорыг мялаав. Ингэснээр “Гэр бүлийн аз жаргал, амар амгалан, үнэнч хайрын бэлгэдлийн дуулал орвшвой” наймдугаар бүлэг төгсөв.



Хилийн цэргийн алба хаагчид Монгол Улсын дархан хилээ эргэн, хилийн тэмдгүүдээ шалгаж буйгаар Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтыг төгсгөл хэсэг эхэллээ. Хилийн цэргүүд “Монгол Улсын дархан хил амар амгалан байна” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулгад илтгэл өгснөөр Хурд хамтлаг “Эх орон” дуугаар  Төв цэнгэлдэхийг доргиож олныг омогшуулав. Улмаар нисдэг дроноор Монгол гэрийн тооныг дээш өргөн хөөргөж, 81 тууз татав. Энэ нь Монгол түмэн нэгэн дээвэр дор, эв найртай аж төрж, хөгжин дэвшихийн бэлгэдлийг илтгэсэн.



Ийнхүү цэргийн анги, нэгтгэлүүд, Олимпийн алдартнууд, бөхчүүд, харваачид, лам хуврагууд , Монгол костюмсын загвар өмсөгчид болон Өвөр Монголын үндэстэн ястны төлөөллийн баярын жагсаалаар наадмын нээлтийн ажиллагаа өндөрлөв.

Баяр наадмын нээлтийн ёслолын тоглолтод манай урлаг соёлын алдартнууд, соёл урлагийн байгууллагууд, зэвсэгт хүчин, энхийг сахиулагчид, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтнууд нийлсэн 2000 гаруй хүн оролцов. 
Ч.Ариунболд

Монгол брэнд