top banner

Өвөрмонголын ХАА-н бүтээгдэхүүн БНХАУ-даа эрэлт хэрэгцээ нь эрс өсчээ


2018-07-07 13:29:27
Зураг

Манай өмнөд хөршийн төр засгийн хөгжлийн зөв тууштай бодлого, ард иргэдийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр дүнд сүүлийн 40 жилд хүрсэн амжилтыг дэлхий нийт харж, хүлээн зөвшөөрөх болсон.

Өнөөдөр БНХАУ-ын их бүтээн байгуулалтын  болон эх дэлхий, байгаль орчноо арчлан хамгаалсан өөрчлөлт шинэчлэлийн үр шимийн өгөөж илэрхий харагдаж байгаа нь энэ улс орны цаашдын хөгжлийн баталгаа, нэрийн хуудас болжээ.

БНХАУ-ын "Өөрчлөлт шинэчлэлт 40 жил- Нэг бүс Нэг зам Хятад дахь аялал"-ын хүрээнд Монгол, Хятадын 20 сэтгүүлчдийн баг Өвөрмонголын баруун чиглэлд 2018 оны зургадугаар сарын 6-13-ны өдрүүдэд аялж энэ нутгийн ард иргэдийн аж амьдрал, эдийн засгийн хөгжлийн ололт амжилттай танилцлаа.

Энэхүү аян замын  3 дахь цуврал
тэмдэглэлээрээ БНХАУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дэлхийд танигдсан И Ли корпорацийн үйл ажиллагаа болон  Ү юань шианы Бор тохойн Хатан голын дагуух хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийн амжилт, ололтын талаар сонирхуулж байна.

И Ли группын бүтээгдэхүүн Хятадад төдийгүй Азидаа танигджээ

Одоогоос 63 жилийн тэртээ буюу 1955 онд Өвөрмонголын 7 хотон айл хамтран сүүний аж ахуй /ферм/ байгуулснаар И Ли хэмээх сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн үндэс суурь тавигдаж нутаг орондоо танигдаж эхэлсэн түүхтэй аж.



Харин өнөөгийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  И Ли групп улс орондоо төдийгүй Ази тивдээ танигдсан хамгийн эрэл хэрэгцээт үйлдвэрлэгч болж өргөжин хөгжихийг үүсгэн байгуулагчид нь яаж мэдэх билээ.

Анх 1957 онд хоршооллын хэлбэрээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн И Ли групп өнөөдөр БНХАУ-ын энэ салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болсон төдийгүй Азидаа сүү, сүүн бүтээгдэхүүний шилдэг 8 компанийн нэгд зүй ёсоор багтжээ.



Энэ түүхэн амжилтаараа БНХАУ-ыг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд оруулж чадсан байна. И Ли групп 2017 онд нийт орлого 68 тэрбум 58 сая юаньд хүрч, улсын хэмжээнд тэргүүлэгчдийн нэг болжээ. 2018 оны эхний улирлын орлого 19 тэрбум 753 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 25,1 хувиар нэмэгджээ.



Бидний очиж сонирхсон шингэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр 2005 онд ашиглалтанд ороод 10 гаруй жил болсон бөгөөд техник технологийн хувьд энд ажиллаж байгаа 18 машин тоног төхөөрөмж нь бүрэн автоматчилагджээ. Энэ том үйлдвэрт 30 гаруйхан хүн ажилладаг бөгөөд тэд бүх үйл ажиллагааг хянаж байдгийг бидэнд танилуулсан юм.



Сүү, сүүн бүтээгдэхүүнээ хэзээ үйлдвэрлэсэн сар, өдрөөр нь ангилан ялгаад зогсохгүй хүрэх газраа буюу хэрэглэгчдийн гар дээр очих хүртэл бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн нь энэ группын төгс үйл ажиллагааг илтгэн харуулна. Үйлдвэрээс хэрэглэгчдэд очиж байгаа бэлэн бүтээгдэхүүнийг савлаад, тээвэрлэх хүртэлх бүх үйл ажиллагаа бүрэн автоматчлагдсан нь бас л энэ үйлдвэрийн бусдаас давуу гэдгийг илтгэж байв.



Тус групп Хятадын баруун хойд болон умард, зүүн хойд бүс нутийг хамруулсан хамгийн том сүү, сүүн бүтээгдэхүүний цогцолбор суурин болж чадсан байна. Мөн Европ, Арлын орнууд, Америк тивийн улсуудтай хамтын ажиллагаатай бөгөөд бүх хэрэглэгчдэд чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр найдвартай хангадаг түнш нь болжээ.



Өнөөдөр И Ли группээс нийтдээ 1000 гаруй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг бөгөөд Хятадын 600 гаруй хотод 5 сая гаруй борлуулалтын цэгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг байна.



Бүтээгдэхүүний хувьд үнээний сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг мөхөөлдөс гэсэн төрлүүд голлодог байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт дэлхийн олон улс орнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дотоод, гадаадын нөөц баялгийг ашиглан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг бий болгожээ. Хүний эрүүл энхийн төлөө ажилладаг И Ли групп сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж Нидерланд, Шинэ Зеланд, Итали, Англи, АНУ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.



Мөн И Ли групп нь 2018 оны байдлаар хүмүүнлэгийн үйлсэд 800 сая юанийн хөрөнгийг хандивлажээ. Тус группын татварын хэмжээ гэхэд л 37 тэрбум 750 сая юаньд хүрсэн байна. Улс орондоо “Ногоон аж ахуйн сүлжээ”-г санаачилж байгаль орчин, нийгэм, аж ахуйн нэгж, олон нийтийн дунд хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж “Ногоон экологийн бүс”-ийг бий болгож чадсан байна.

Энэ групп нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжилд эрс шинэчлэлт авчирч, дэлхийд өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүлэн, дэлхий нийтийн сүүний нөөц баялгийг Хятадын зах зээлтэй, дэлхийн оюун ухааныг Хятадын туршлагатай, дэлхийн дүрмийг Хятадын санаачлагатай нэгтгэн хөгжүүлж, энэ чухал салбарт шинэ боломжийг бий болгожээ. И Ли групп Хятадын 13 муж, хотод борлуултын салбар компанитай бөгөөд АНУ, Монгол Улсад өөрийн төлөөлөгчийн газраа байгуулан ажилладаг байна.



Мөн тус групп нь дэргэдээ сүү, сүүн бүтээгдэхүүний өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээс бүрдсэн өндөр технологид суурилсан судалгаа, шинжилгээний лаборатори ажиллуулж, тэнд бүтээгдэхүүний чанар, стандартыг хянаж, шинэ бас чанартай бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаагаа танилцуулсан юм.

И Ли группын төв байр болон тэнд байрлах музейг сонирхогчид дотоод, гадаадаас тасралтгүй ирж сонирхдог аж. Хятадын бүх муж, хотоос баг, сургууль хамт олноороо зорин ирж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцдаг байна.



Бид энэ үйлдвэртэй танилцах үеэр сургуулийн сурагчид И Ли группын үйл ажиллагаатай танилцаж байхтай таарсан юм. Манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид И Ли групптэй хамтын ажиллагаатай ажилладаг бол бидний ирээдүй ч ийм олон улсад танигдсан амжилтанд хүрэх боломж нь нээлттэй байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

Дашрамд сонирхуулахад, И Ли групп нь 2008 онд Бээжинд зохион байгуулсан зуны 29 дүгээр олимпийн наадмын албан ёсны түнш байгууллагаар ажиллаж, олимпийн наадамд оролцогч баг тамирчид, нийт зочид төлөөлөгчдийг  өөрийн нэрийн төрөл бүрийн чанартай бүтээгдэхүүнээр хангасан юм.

 

ӨМӨЗО-ы Бор тохойн тал нутгийн газар тариалангийн хөгжлийн нууц   

Өвөрмонголын Ү юань сянийн Бор тохойн тал нутагт 300 мянган хүн ам оршин сууж байгаагаас 200 мянга нь хөдөө тосгонд газар тариалан, мал аж ахуй эрхлэн амьдардаг байна. Энэ нутгийнхан газар тариалан эрхлэх нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, хөдөө аж ахуй, газар тариалангийн арвин их туршлагыг хуримтлуулж чаджээ.

Тэдний ургуулсан тариалсан болгон нь чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүн болж байгаа нь эрдэм шинжилгээ судалгааны ажил, арвин туршлагад суурилсан өндөр техник технологийг цогц бүрдүүлж чадсанд оршиж байна. Энэ бол энэ нутгийн ажилч хичээнгүй ард олны үсрэнгүй хөгжлийн нууц нь гэлтэй.



Бор тохойн тал нутагт эрт дээр үеэсээ л газар тариалан эрхлэхэд нэн таатай уур амьсгалтай, нарлаг сайхан нутаг орон юм. Энд бүх Хятадын наранцэцэгийн 1/7-ийг тариалдаг. Мөн амуу будааны гол бүс нутаг төдийгүй эрдэнэшиш, түвд амтат гуа зэргийг 138 тариалангийн туршлагын талбайд тарьж ургуулдаг байна.



Энэ нутаг хонь, ямаа голлосон 5,5 сая малтай аж. Энэ нутгийн хонины аж ахуйгаар орж танилцлаа. Нутгийн үүлдрийн хонь, хурганы мах нь Бээжин зэрэг томоохон хотуудад нийлүүлэгддэг амт чанар сайтай гэдгээрээ алдартай юм байна.



Тус аж ахуй нь Шинэ Зеланд зэрэг хонины аж ахуй өндөр хөгжсөн орнуудтай харилцан туршлага солилцон хамтран ажилладаг байна. Бээжин болон Хятадын өмнөд бүсийн хотуудад энэ нутгийн ангилан боловруулсан амт чанартай хонины мах нь нэн эрэлт хэрэгцээтэй болоод байгаа юм.



Ү юань сянийн Хатан голын тохойд орших “Тариалах соёлын үзэсгэлэнгийн хүрээлэн”-д зочилсон сэтгүүлчдийн баг Бор тохойн Баруун Хан улсын үеэс хойших 2400 жилийн түүхийн улбаа, түүхэн хүмүүс болон Бор тохойн тариалах соёл, шинжлэн судлах ухааны арвин их туршлагыг хуримтлуулсан ард түмэн гэдгийг нүд, сэтгэлээрээ мэдэрсэн гэж болно.

Тиймээс ч 2015 оны 4 дүгээр сард “Хятад улсын торгоны зам” соёлын төрөл зүйлд энэ нутаг орон хамрагдсан байна. Энэ хүрээлэнгийн хүлэмжид Ази, африкийн халуун оронд ургадаг олон зуун ургамлыг тарьж ургуулан шинжлэн судлаж, арчлан хамгаалж байгааг бид үзэж сонирхлоо.



Хатан голын тохойд оршдог Бор тохойн талын газар тариалангийн аж ахуйн хөгжлийн түүхийг харуулсан музей нь энэ нутгийн үе дамжуулан өвлүүлж ирсэн тариалах соёл, боловсролын гайхамшгийг илтгэн харуулж байв.



Мөн энэ хүрээлэнг дунд сургуулийн сурагчдаас эхлэн оюутан залуус, иргэд хүрэлцэн ирж газар тарианлан, хүлэмж, ургамал судлалын мэдлэгээ өргөжүүлж, танин мэдэхүйн боловсрол олж авдаг газар нь болсон байна.

Ү юань шанийн Аж үйлдвэрийн төвд байрладаг Хөдөө аж ахуйн онлайн худалдааны төв нь нутгийн иргэдийн тариалж буй наранцэцэг, самар, эрдэнэшиш, амтат гуа, гурилыг борлуулах үйл ажиллагааг дагнан эрхэлдэг. Тус төвөөр дамжуулан ард иргэд Хятадын өнцөг булан бүрд өөрийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ шуурхай борлуулж, захиалга хүлээн авдаг байна.



Энэ төв нь 100 гаруй компани, үйлдвэртэй шууд харилцаж байгаа бөгөөд энэ нутгийн амтат гуа буюу “Дэнлүүн улаан” нь хятад орон даяар хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн юм байна. Амтат гуа нэг жин нь 200 юань бөгөөд нэг хайрцаг нь 1000 юанийн үнэ хүрдэг бөгөөд сар шинийн баяраар хамгийн их эрэлттэй байдаг аж.

Энэхүү Онлайн худалдааны төв нь нийт 9 салбартай. Тус төвд тариачид онлайн борлуулалтын сургалтанд хамрагдаж өөрсдийн ургацаа хэрхэн борлуулах, захиалга хүлээн авах талаар мэдлэг, мэдээлэл олж авдаг байна.

Бор тохойн шилдэг чанартай амуу буудайн үрийг сонгох, тариалах, боловсруулах Жао Фен Бор тохойн гурилын компани нь 2006 онд 30 сая юанийн хөрөнгөөр үүсэн байгуулагджээ. Өнөөдөр тус компани БНХАУ-ын тариалангийн  томоохон аж ахуйн нэгж болсон төдийгүй ӨМӨЗО-ы ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна.



Энэ компани “Өнөөдөр, Одоо, Ирээдүй” цагт бид зөвхөн нэг л ажлыг сайн хийж, Хятадын сайхан буудайгаар дэлхийг хангана гэсэн ганц зорилтыг баримтлан эко эрүүл хүнсний тариалалт эрхэлдэг Хятадын алдарт академич, агрономич Жао Жен Дүнтэй хамтарч Бор тохойн буудайн сортыг сайжруулах салбар байгуулжээ.

Мөн улсынхаа
мэргэжлийн олон их дээд сургуультай хамтран ажиллаж, тариалан, мал аж ахуйн шинэ техник, технологийг нэвтрүүлж байгаа аж. Жао Фен Бор тохойн гурилын компанийн “Хатан” нэрээр зохион бүтээсэн тээрмээр тээрэмдэх нь удаан хэдий ч дулааны хэмжээ нь бага бөгөөд өнөөг хүртэл хамгийн аюулгүй өндөр технологитой бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай. Ийм сайн чанарын гурилаар малчин, тариаланчид хангагддаг байна.



Мөн тус компанийн бүтээсэн буудайг вакуумжуулах автомат төхөөрөмж, “Хатан” тээрмийн технологи нь БНХАУ-ын оюуны өмчийн патент хүртжээ.
Өнөөдөр тус компани үйлдвэрлэлээ 2 шугамаар явуулж өдөрт дунджаар 150 тонн буудай боловсруулдаг бол ирэх онд хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлж 300 тонн болгохоор ажиллаж байгаа аж. Энэхүү буудайн шугамын удирдлагыг цахим болгосноор гар утсаараа үйл ажиллагааг бүрэн хянах боломж бүрджээ.

Ийнхүү Баяннуур хот нь эрүүл аюулгүй шим тэжээлтэй органик бүтээгдэхүүнээ иргэдэд хүргэх, БНХАУ-ын “Сайн чанарын гурилын нийслэл” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Хатан голын дагуух энэ нутгийн зон олон байгаль дэлхийгээ аргадан тойлж, гол усныхаа эх ундаргыг нь нэмэгдүүлж газар тариалан, мал аж ахуйг шинжлэх ухааны ололт амжилттай хослуулан аж амьдралдаа бүрэн хэрэгжүүлж өөрсдийн амьжиргаагаа дээшлүүлэхийн зэрэгцээ Хятад орон даяар өөрийн байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнээ нийлүүлж, хамтдаа цэцэглэн хөгжиж байгааг бид газар дээр нь очиж
танилцлаа.  
 

Д.Өлзий


Монгол брэнд