top banner

Хөлбөмбөгийн ДАШТ-ий 1/8 шигшээгийн гал гарсан тоглолтууд энэ үдэш эхэллээ


2018-06-30 16:29:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай хойд хөрш ОХУ-д анх удаагаа хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж энэ сарын 14-29-нд дэлхий нийт тэр дундаа монголчууд 14 хоногийн турш хөлбөмбөгөөр амьсгалж, хүүхэд, залуусын ярианы нэг гол сэдэв болж өнгөрөв.

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-д эрхээ авч оролцсон 32 улсын үндэсний шигшээ багийн 8 хэсгийн тоглолтыг энэ өдрүүдэд ОХУ-ын Москва, Санкт-Петербург тэргүүтэй 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулан үзүүлсэн MNB болон NTV телевизийн шуурхай багийн хамт олонд монголчууд бид бүхэн талархах нь зүйн хэрэг.

Энэ хэдэн хоногт шөнөжин цэнхэр дэлгэцээр хөлбөмбөгийн гайхамшигтай тоглолтуудыг үзэж сэтгэл зүрхээ  гэгэлзүүлсэн үзэгч, дэмжигчид нойроо хугасалж байсан нь лавтай.

ДАШТ-ий А, В, С, D, E, F, G, H гэсэн 8 хэсгийн 3 тойргийн тоглолтоос гэртээ харих болсон шигшээ багуудаас Дэлхийн 4 удаагийн аварга, 2014 оны дэлхийн аваргын “Алтан цом” эзэн Германы шигшээгээс эхлээд Польш, Серби,  Коста-Рика, за тэгээд манай тивийн Өмнөд Солонгос, Иран, Саудын Арабын шигшээ багийг дэмжсэн монголчууд энэ өдрүүдэд ихэд догдлон үзсэн гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай тэд  бүгд энэ удаа гэртээ харьсан.



Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн их дуулиан дэгдээсэн үйл явдал бол яах аргагүй Германы хожигдол байв. Гэртээ харих тасалбараа авсан БНСУ-ын шигшээ баг, Дэлхийн 4 удаагийн аварга Германы шигшээ багтай хийсэн тоглолт германчуудын хувьд гэнэтийн цохилт болсон. F хэсгийн 3 дугаар тойргийн энэ  тоглолтын үндсэн 90 минутад Герман, БНСУ-ын шигшээ багууд аль аль нь гоол хийж чадаагүй. Харин нэмэлт 6  минутад Солонгосчууд 2 гоол Германы хаалганд нь оруулж гайхамшигтай ялалт байгуулж, 2018 оны ДАШТ-ий хамгийн том дуулианыг тарьсан билээ. Тэдний хожил Германчуудыг нутаг буцаагаад зогсохгүй Мексикчүүдэд цааш тоглох боломжийг олгосон. 
Хүн ам цөөтэй ч шилдэг тоглогчтой Исланд /322 мянгахан/, АНУ-ыг ардаа орхисон манайхтай ойролцоо 3,6 сая гаруй хүн амтай Панам улсын шигшээгийн тоглолт ч монголчуудад таалагдсан бизээ. Австрали, Перу, Сенегал Африкийн Тунис, Морокко, Египетын шигшээ багууд өөр өөрийн боломж, хүчээ дайчлан тоглож хөлбөмбөг сонирхогчдыг баясгаж, дэмжигч олны цөсийг хөөргөөд авсан. 

Спорт тэр тусмаа энэ бөмбөрцөг дээр хамгийн олон хүнийг өөртөө татаж чаддаг хөлбөмбөгийн спорт нь олон зуун сая хүний нүдний өмнө хэн нь хэн бэ? Аль баг нь илүү байсан, хэдэн гоол хийсэн гэдгийг нь хамтдаа дэнслэн ялагчийг чин шударгаар тодруулдаг гэдгээрээ онцлогтой билээ.

Ийнхүү дээр нэр дурдагдсан 16 улсын үндэсний шигшээ баг энэ удаагийн 2018 оны ДАШТ-ий 1/8 шигшээ, ¼  шигшээ, хагас шигшээ, шигшээ тоглолтуудыг гэртээ очиж үзэхээр болов. Харин Японы шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ий 1/8 шигшээд Ази тивээс ганцаараа үлдэж чадлаа.



Монголчуудын дийлэнх нь хөрш ОХУ-ын шигшээ багаа энэ өдрүүдэд ихэд дэмжиж байсан нь тодорхой юм. Харин тэд эх орондоо болсон энэ ДАШТ-д Саудын Арабыг 5:0-ээр, Египетыг 3:1-ээр хожиж нийт 8 гоол, хоёр хожил, нэг хожигдолтойгоор гайхамшигтай түүхэн ялалтыг байгуулсан. Оросын хөлбөмбөгчдийн энэхүү түүхэнд тэмдэглэгдэх амжилтыг монголчууд ихэд талархан хүлээн авсан билээ.

Харин хэсгийн сүүлийн тоглолтод оросууд, Уругвайн шигшээд 3:0-ээр хожигдож хэсгээсээ хоёроор гарсан. Тэд долдугаар сарын нэгэнд Москва хотноо Испанийн шигшээ багтай тоглоно. Өөрийн үүргээ нэр төртэй биелүүлсэн ОХУ-ын шигшээ баг энэ удаа хожих эсэхийг таах аргагүй бөгөөд испаничууд дэндүү хатуу самар учраас бөмбөг бөөрөнхий гэж бодон, хүлээх л үлдэж дээ.

Өнөөдөр үдэш Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 16-д тунаж үлдсэн  буюу 1/8 шигшээд ур чадвараа сорих багуудын тоглолтын салхийг Франц-Аргентины шигшээ баг /УБ-ын цагаар 22 цагт/ цахиур хагалан эхлүүлнэ.

Дэлхийн хошой аварга Аргентин, дэлхийн аварга Францын шигшээ багууд хасагдах шатны эхний даваанд ийнхүү учраа таарлаа.

Д.Дешамын дасгалжуулсан Францын баг олон шилдэг залуугаар эгнээгээ өргөжүүлсэн. Өмнөх тоглолтуудаас Францын багт туршлагатай тоглогч буюу багийн лидер байхгүй нь анзаарагдсан. К.Мбаппе, А.Гризманн, П.Погба зэрэг залуус хэтэрхий хувийн тоглолт үзүүлэх эрмэлзлэл байгаа нь тэдний нэг сул тал болж мэднэ.

Гэхдээ Оливер Жиру багийн тоглолтыг тэнцвэржүүлж хүчээ төвлөрүүлж тоглоход ямар ч багийг сөхрүүлэх боломж байгаа. Д.Дешамын багаа зөв залж, залуусын ур чадварыг бүрэн гаргах эсэхээс тэдний хувь заяа шийдэгдэх магадлалтай.

Аргентиний шигшээ багийн хувьд, хамгийн эхний тоглолтод Л.Месси пеналти алдаж бүтэлгүйтсэн. Дараа нь Хорваттай тоглохдоо хаалгач нь багаа алж орхисон. Нигеритэй хийсэн тоглолтод Х.Машерано болон хамгаалагчдын сул талуудаас болж хүнд байдалд орж, харин М.Рохо багаа аварсан. Мөн Э.Банегагийн Нигерийг хожиход багаа зөв удирдан бөмбөг дамжуулалт гайхалтай хийж чадсан билээ.

Харин Аргентины шигшээ багийн гарааны үндсэн бүрэлдэхүүн нь тодроогүй, хэрхэн тоглох тодорхой бус байгаа нь бас л энэ баг асуудалтай байгааг харуулж байна. Х.Сампаолигийн удирдсан баг ийнхүү өмнөх бүтэлгүйтлээсээ гарч амжаагүй л байна. Тэд Францтай тоглохдоо гараагаа зөв сонгож байж хожих магадлал өндөр болно. Гэхдээ тэд хэсгээсээ шалгарсан нь энэ багийн урмыг сэргээж өгсөн бизээ.

Энэ хоёр багийн дэлхийн аваргаар учирсан онцлох тоглолтоос дурдвал, 1930 оны зургадугаар сарын 15-нд Аргентин 1:0-ээр хожсон бол 1978 оны зургадугаар сарын 6-нд 2:1-ээр дахин хожиж байсан түүх байдаг. Харин өнөөдрийн хувьд Францын шигшээ баг илүү байх магадлал байгаа юм. Сүүлийн 5 тоглолтдоо Франц 3 хожиж, 2 тэнцсэн. Харин Аргентин сүүлийн 5 тоглолтдоо хоёр хожиж, тэр тооны тэнцэж, нэг хожигдсон байна.

1978 онд Францын шигшээ Аргентинд хожигдсон нь Өмнөд Америк тивийн багт хожигдсон сүүлчийн тохиолдол байжээ. Түүнээс хойш Францын баг ганц ч удаа Өмнөд Америкийн багуудад хожигдож байгаагүй. Харин 1986 онд шөвгийн 16-д хожигдсоноос хойш энэ шатыг байнга давж байжээ. 1986, 1998, 2006, 2014 онд хэсгээс гарахдаа шөвгийн 16-д үргэлж хожиж байсан. Дидье Дешам өнөөдөр Францын шигшээтэй 80 дахь тоглолтоо хийнэ. 



Дашрамд сонирхуулахад, Лионель Месси гурван дэлхийн аварга дараалж гоолдсон Аргентины гурав дахь тоглогч болсон. Диего Марадона (1982, 1986, 1994), Габриэл Батистута (1994, 1998, 2002) оны дэлхийн аваргад дараалж гоолдсон.

Өнөөдрийн хоёр дахь тоглолт манай цагаар шөнийн 02 цагт Сочи хотноо "Фишт" цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн хошой аварга Уругвай, Европын аварга Португал улсуудын шигшээ багууд халз тоглоно.

Уругвайн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Оскар Табарес багийнхаа "Шүтээн". Энэ хүний хэлсэн үгийг зөрчдөг, эсэргүүцдэг тамирчин байхгүй. Бүгд л түүний заавраар байдаг болохоор багийн сахилга, зохион байгуулалт өндөр. "Атлетико Мадрид"-д тоглодог Диего Годин хамгаалалтаа хариуцахаас гадна, олон чухал дамжуулалт хаяж чаддаг чадварлаг тоглогч бөгөөд үүнийг нь ашиглаж чадах найдвартай довтлогчид болох Л.Суарес, Э.Кавани нар гоол хийхэд бэлэн байгаа.  

ДАШТ-д оруулсан гоолоо нэмсээр байгаа Л.Суарес болон Оросын хаалганд гоол оруулсан Э.Кавани хоёрт уругвайчууд ихэд найдаж байгаа. Тэднийг зогсоохын тулд португалчууд хүнд бөгөөд тун хариуцлагатай үүрэг хүлээх нь тодорхой. Харин хагас хамгаалалтаа Италид тоглодог залуус нь өлхөн даана. О.Табаресийн шавь нарт ямар ч багаас эмээгээд байх зүйл үгүй юм.



Португалын шигшээ багийн хувьд К.Роналдо гол тоглогч нь. Тэрбээр өмнөх тоглолтуудад 4 гоол хийж амжсан. Роналдо өндөр мэргэжлийн довтлогч бөгөөд Испанийн лигт хамт тоглодог Испани найзууд нь түүнийг зогсоох гээд дийлээгүй. Харин түүнд тус болох хамтрагч дутмаг. Р.Куарежма сүүлийн тоглолтод гарч чамгүй сайн тоглосон нь найдвар төрүүлж байгаа.

Тус багийн У.Карвалью, Б.Фернандес нар гэмтсэн нь бас нэг сул тал болох нь мэдээж. Харин залуу довтлогч А.Сильва, Г.Гуэдес нар ур чадвараа үзүүлж багаа хүчирхэгжүүлэн ялалтад хүргэх цаг нь иржээ.

Ийнхүү 2018 оны ДАШТ-ий 1/8 шигшээ тоглолтын гал гарсан тоглолтууд энэ үдэш эхэлж байна. Ирж буй 2 долоо хоногт дэлхий нийтээрээ хөлбөмбөгөөр амьсгалсан өдөр хоногууд үргэлжилнэ.

Д.Өлзий

Монгол брэнд