top banner

Монголчууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт ордог


2018-06-23 18:07:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Солонгосын эмч нарын хамтарсан ходоодны хорт хавдрын тухай олон улсын хоёр дахь удаагийн хурлыг өнөөдөр Чингис зочид буудалд зохион байгууллаа.

Хавдар судлалын үндэсний төв, Монголын ходоодны хавдрын нийгэмлэг, БНСУ-ын ходоодны хорт хавдрын холбоо  хамтран “Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэлт ба менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдвийн дор хуралдав. Хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор, Сөүлийн их сургуулийн  мэс заслын тэнхимийн профессорууд оролцож, тус улсын ходоодны хорт хавдартай тэмцсэн туршлагаас хуваалцаж, уг өвчний орчин үеийн менежментийн чиг хандлага, мэс заслын орчин үеийн арга техникүүдийг танилцуулцсан юм. Мөн Монгол Улсын тэргүүлэх эмч мэргэжилтнүүд болон судлаачид эмч нар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцаж, ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол, урьдчилан сэргийлэлт, урьдал өвчний оношилгоо эмчилгээний арга, хожуу шатны хорт хавдар өвчтэй өвчтөнд энтерал ба парентерал тэжээлийг хэрэглэх нь зэрэг чухал сэдвүүдийг хөндлөө.

Монголчууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтын тоогоор нэгдүгээрт орж байна. 2017 оны байдлаар энэ төрлийн өвчлөлийн 890 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд тус 890 хүний 600 гаруй нь энэ өвчний улмаас нас барсан байна. Энэ тоо жил тусам өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвөөс ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж уг ажилд чиглэсэн тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ходоодын хавдартай тэмцэх ажлаар үргэлжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрыг эрт илрүүлэх, вирусын эмийг нь өгөх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийдэг болсон. Тэгвэл “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” ходоодны хорт хавдартай тэмцэх ажлаар үргэлжилж байгаа нь энэ аж.

Цаашид эмчилгээгээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг БНСУ-ын профессор эмч нартай хамтран ажиллаж шинэ технологи аргуудыг цаг алдалгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 
Н.Туяа

Монгол брэнд