top banner

Нийгмийн халамжийн байгууллагын удирдлагын тогтолцоог өөрчилнө


2018-06-22 00:07:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан. Тус байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа  уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөл болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа. 

Төслийн 1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэснийг “аймаг, нийслэл, нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82,6 хувь нь дэмжлээ. Ингээд Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
 
Н.Туяа

Монгол брэнд