top banner

Д.Оюунхорол: Ус цаг уурын байгууллагын системийг бүрэн бүтнээр нь ажиллуулах хэрэгтэй


2018-06-21 20:38:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжив.

Хуралдаанаар "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Дараа нь Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол нар дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм.  Уг төсөлд “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” гэсэн  6 дугаар зүйлийн  6.2 дахь хэсгийг “Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө”  гэж өөрчлөхөөр тусгасан. Харин УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол "Ус цаг уурын байгууллагын онцлог гэж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт маш хүчтэй нөлөөлж байгаа. Мөн бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр нийт газар нутгийн 76,8 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. 2016 оны байдлаар 16 аймгийн 34 сумын нутаг дэвсгэрт 1637 га талбай бүхийд бичил уурхай  явуулснаас үүдэж экологийн тэнцвэргүй байдал маш их хэмжээгээр алдагдсан. Монгол Улсын өвөрмөц онцлогт тохирсон улсын хэмжээний ганцхан байгууллагын системийг бүрэн бүтнээр нь ажиллуулах хэрэгтэй. Хүнээ томилох, хөрөнгөө шийдэх эрхгүйгээр энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулна гэдэг хүндрэлтэй болно. Тиймээс нэгдсэн тогтолцоог өөрчлөхгүйгээр хуучнаар нь явуулъя" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хуулийн зөрчилтэй хууль УИХ-аар батлагдчихвал маргааш нь ҮХЦ-д очно шүү” хэмээн сануулав.

Ингээд хуулийн төслийг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. 
 
Н.Туяа

Монгол брэнд