top banner

"Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аян орон даяар эхэллээ


2018-06-21 11:07:53
Зураг
 Улаанбаатар /МОНЦАМЭ/ Зуны улирлын зугаалга, аялах эхэлж буйтай холбогдуулан орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж буй “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны нээлтийн өдөрлөгийг өнөөдөр Драгон авто вокзалд зохион байгуулж байна.
 
Тус аяныг ХЗДХЯ, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Замын цагдаагийн алба болон НЭМҮТ, Улаан загалмайн нийгэмлэг, авто машин сонирхогч залуус, клубууд хамтран “ОСОЛГҮЙ ОРОН НУТГИЙН ЗАМ” уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг нээж Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэхдээ “Жил бүр 6-10 дугаар сарын хооронд амралт, аялал зугаалгын цаг эхэлж, иргэд гэр бүлийнхээ хамтаар хөдөө, орон нутгийг ихээр зорьдог. Энэ үед орон нутгийн замд гарах осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагууд хамтран өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энэхүү аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд бид урьдчилан сэргийлэх олон төрлийн ажил, арга хэмжээ, хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч иргэдийн үүрэг оролцоо маш чухал юм. Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо хайртай хүмүүсийнхээ амь насыг атгаж яваа гэдгээ байнга санаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцоорой” гэж онцоллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн сургалт, арга хэмжээ болж  үзэсгэлэн үзүүлж байна. Мөн аяны хугацаанд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ чиглэлд тэдний анхаарлыг хандуулах зорилгоор ноцтой болон хүний амь нас хохирсон зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн цувааг нийслэлийн төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөгөөр явуулах юм. Энэ  аяны нээлтийн ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байгаа юм.


Ж.Батсайхан


Монгол брэнд