top banner

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


2018-06-19 20:40:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан УИХ-ын гишүүн танилцуулга хийсэн. Ажлын дэд хэсэг болон ажлын хэсэг нийт 6 удаа хуралдсан бөгөөд төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж зарчмын зөрүүтэй 23 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.
Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзжээ.
Ингээд Ажлын хэсэг санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн зарчмын зөрүүтэй саналуудаа танилцуулсан бөгөөд дээрх саналууд тус бүрээр санал хураалт явуулан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.Төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн С.Чинзориг зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тэрбээр Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагыг тухайн асуудал эрхэлсэн байгууллагын удирдлагатай зөвшилсөн тухайн шатны Засаг дарга томилох нь Төрийн албаны тухай хуультай нийцэхгүй байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв. Улстөрийн албан тушаалтан болох Засаг дарга төр албан хаагчийг томилох нь зарчимд нийцэхгүй хэмээсэн бөгөөд дээрх байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн асуудлыг эрхэлсэн төв байгууллагын удирдлага томилж, чөлөөлөх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. Тухайлбал, “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгасныг Засаг даргатай зөвшилцөн асуудал эрхэлсэн байгууллагын удирдлага томилж чөлөөлөхөөр гишүүн саналдаа тусгажээ.

Зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг тус байнгын хорооны хуралдаанаар хийв. 
Н.Туяа

Монгол брэнд