top banner

Олимпийн медальтнуудын саналыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бүрэн дэмжлээ


2018-06-19 15:47:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд “Олимпийн медальтнуудын холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны Барселона олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтад 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав,1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, 1976 оны олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, 1988 оны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат, 1996 оны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах нарын ахмад тамирчид ирсэн юм. Мөн 2008 оны олимпийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, 2008 оны олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 2016 оны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын залуу тамирчид оролцлоо.



Монгол Улсын түүхэнд 1968 онд олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд 50 жилийн ой тохиож байгаа билээ. Олимпийн медальтнуудын холбооноос 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөснөө салбарын сайдад танилцуулав.

Тухайлбал, олимпийн наадмыг ирдээдүй хойч үедээ сурталчлан таниулах ажлын хүрээнд олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал марк худалдаанд гаргах, олимп, дэлхийн аваргын медальтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх зэрэг ажлыг танилцууллаа.



Салбарын сайд Ц.Цогзолмаа тэдний тавьсан саналыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, “Улсын баяр наадмаас өмнө олимп, тив дэлхийн аваргуудтай Ерөнхий сайд, яамны удирдлагууд уулзалт зохион байгуулна. Токиогийн 2020 оны олимпт бэлтгэх, үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах зэрэг олон чиглэлд ажиллаж эхлэх хэрэгтэй байгааг онцлов. Мөн Ерөнхий сайдын дэргэд ажиллах орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулъя. Өнгөрсөн жил батлагдсан Спортын тухай хууль ирэх жилээс хэрэгжинэ. Хууль хэрэгжсэнээр анх удаа биеийн тамирын арга зүйч бүх суманд ажиллана. Хууль хагас жилийн дараа хэрэгжих гэж байхад ажил эхлээгүй явна. иймд та бүхэн энэ ажлыг дэмжиж, саналаа хэлээрэй” гэв.

Д.Өлзий

Монгол брэнд