top banner

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны нэгдсэн сургалт зохион байгуулав


2018-06-18 10:54:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 12 дугаар сард хуралдсан МАН-ын XXVIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тус намын Хяналтын Ерөнхий Хорооны нэгдсэн сургалтыг энэ сарын 14-16-нд зохион байгуулжээ.

Сургалтад аймаг, нийслэлийн МАН-ын хороодын дарга, гишүүдээс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож, намын дүрэм, ёс зүйн журмын хэрэгжилтэд тавих хяналтын ажлыг боловсронгуй болгох, цахим технологийг намын ажилд нэвтрүүлж, үр нөлөөг сайжруулах асуудлаар сургалт явуулж, санал бодлоо солилцож байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сургалтад оролцож үг хэлэхдээ “МАН цаг үе, нийгмийн шаардлагыг нэн түрүүнд мэдэрч, өөрчлөлт, шинэчлэлд бусад намаа манлайлан оролцдог, хяналт, хариуцлагын тэргүүлэх бодлоготой нам байх ёстой. Намын хяналт хариуцлагыг бүх шатанд хэрэгжүүлж, албан тушаал ёс зүйн зөрчил гаргасан улстөрч, намын гишүүн, албан тушаалтнуудыг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн албан тушаалд томилох, дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг чандлан мөрдөх болно” гэж онцолсон байна.  

Тус намын Их хурлаар гишүүдийн сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэхийг уриалга болгон энэ хүрээнд хэд хэдэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь намын Хяналтын хорооны дэргэд Ёс зүйн хороо байгуулан ажиллаж буй гэдгийг Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/-ны дарга Д.Батбаатар тодотгожээ. Цаашид гишүүд дэмжигчдээс ихээр шүүмжилж байгаа намын эрх ашигт хохирол учруулдаг ах дүү, танил тал, жалга довны болон сонирхлын явцуу бүлэглэл үүсч ажилд сөргөөр нөлөөлдөг явдлыг таслан зогсоож намын ажлыг бэхжүүлэн чадавхжуулахын тулд намын сонгуультнуудыг ёс зүйн хувьд эрүүлжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллана гэдгийг мөн онцолсон. 

Түүнчлэн хяналтын ажлын тулгамдсан асуудлаар тавьсан зургаан илтгэлийг сургалтад оролцогчид авч хэлэлцжээ. 
Н.Туяа

Монгол брэнд