top banner

Суреш Бабу: Йогийн идэвхтэй зөв үйлдлээр дэлхий нийтэд энхтайвныг ч авч ирэх боломжтой


2018-06-17 12:39:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2015 онд НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын йогийн өдөр болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Өнөөдөр  4 дэх жилдээ БНЭУ-ын ЭСЯ-наас Монголын Йогийн төвүүдтэй хамтран тус яамны гадна талбайд эл өдрийг тэмдэглэлээ.

Өдөрлөгийн эхэнд йогийн  ач тус болон үр өгөөжийн талаарх Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж, АЮУШ яамны сайд болон Шри Шри Рави Шанкерийн мэндчилгээг хүрэлцэн ирсэн йогоор хичээллэгсэд, сонирхогчдод  уншиж танилцуулав.


Өдөрлөгийг нээж Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу хэлэхдээ, “Йога бол эртний Энэтхэг улсын уламжлалаас үлдээсэн үнэлж баршгүй өв юм. Олон зуун жилийн өмнөөс хүн төрөлхтөн йогоор хичээллэж ирсэн бөгөөд бие болон оюун ухааныг нэгтгэж байдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн. Йога бол өөрсдийн дотоод хүчийг мэдэрч дэлхий ертөнц байгальтай холбогдох цогц хандлага юм. Амьдралын хэв маягаа өөрчлөхийн сацуу дотоод ухамсрыг нээж сөрөг хүчин зүйлийг даван туулахад тус болдог. Йога идэвхтэй зөв үйлдлээр дамжуулж дэлхий нийтэд энхтайвныг бий болгож чадна. Монголчууд йогийн ач тусыг хөгшин залуугүй мэдэж, сонирхож  байгаад баяртай байна. Мөн Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй йогийн төвүүдийн хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй. Эдгээр төв Энэтхэгийн ЭСЯ-наас зохион байгуулдаг Йогийн өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож монголын нийгэмд йогийн ач тусыг сурталчлахад хувь нэмрээ оруулж буйд гүн талархал илэрхийлье” гэв.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Энэтхэг Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.Ундармаа оролцов. Тэрбээр “Монгол Улсад йога цэцэглэн хөгжиж байна. УИХ, Монгол Улсын Засгийн газар энэ хөтөлбөрийг дэмжинэ гэдгээ илэрхийлье. Йога бол бидний өдөр тутмын амьдралын эрч хүч, саруул ухааныг тэтгэдэг. Йога нь бусдыг өөрийн адил хүлээн авахыг заадаг бөгөөд бодол, үйлдэл, мэдлэг  болон сэтгэлээрээ илүү сайн хувь хүн болон хүмүүжихэд ач тустай. Тийм болохоор хүмүүсийг йогоор хичээллэхийг уриалж байна" гэв.



НҮБ-ын элч дуучин, МУГЖ Т.Ариунаа, “Одоогоос 18 жилийн өмнө аав, ээж маань бурхан болоод удаагүй байх үеэс өөрийгөө хэрхэн олох, сэтгэлээ хэрхэн тэнцвэртэй байлгах талаар бодсон. Тухайн үед Монголын Йога сонирхогчдын холбооны Д.Гантөгс багшийн тухай сонсож уулзсан тэр цагаас хойш йогоор  хичээллэж  эхэлсэн. Йога надад сэтгэл, оюун санааны асар их мэдлэг өгсөн. Мөн йогоор дамжуулан сэтгэлийн боловсролоос гадна эрүүл аж төрөх ёсон, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэлийг тэнцвэртэй байлгах мэдлэгийг олж авсан. Бие, хэл, сэтгэл тэнцвэржээд ирэхэд хүний "би" гэх үзэл үгүй болж, хүн өөрийн дотоод оршихуй буюу мөн чанартаа тогтвортой байдлыг бий болгодог. Хүн бүр амар амгаланг хүсдэг ч одоо цагтаа байж чаддаггүй. Бид одоо цагийг өнгөрсөн, ирээдүй цагаас үргэлж хайдаг. Ирээдүйгээс үр дүн хүлээж, эсвэл өнгөрсөн цагтайгаа зууралддаг. Йога бол биднийг яг одоо цагт байлгадаг,  дотоод сэтгэлийн амар амгалан ” хэмээн ярив.
Өдөрлөгийн үеэр Монголд үйл ажиллагаа явуулдаг йогийн төвийн багш, суралцагчид йогийн дасгал хөдөлгөөн хийж сонирхуулсан юм. Хэдийгээр бороо тасралтгүй орж байсан ч йогчид дасгал хөдөлгөөнөө идэвхтэй хийж байлаа. Энэ үеэр хамгийн залуу йогч 24 дүгээр сургуулийн сурагч Э.Доржбатын сэтгэгдлийг сонсов.



Тэрбээр, “Йогоор хоёр дахь жилдээ хичээллэж байна. Ангийн багшийнхаа йогоор хичээллэж байхыг хараад анх сонирхож хичээллэсэн. Биеийн чилээ гарч маш сайхан мэдрэмж төрсөн. Манай ангид йогоор хичээллэдэг 10 гаруй хүүхэд бий. Бид гэртээ йог хийхээс гадна дулаан өдөр сургуулийнхаа талбайд цуглаж хийдэг” хэмээсэн юм.

Йогийн дасгал хөдөлгөөний үзүүлбэр үзүүлж буй иргэдийн дийлэнх нь охид эмэгтэйчүүд, цөөн тооны эрчүүд байлаа. Тэдний дундаас БГД-ийн 17 дугаар хорооны  иргэн 54 настай, Н.Батрагчаа  гуайг  онцолж уулзав.



Тэрбээр Шри Шри Амьдрах ухаан бясалгалын төвд 3 жил хичээллэж байгаа аж. Түүний хэлснээр, йога бол биеийн тамирын дасгал биш, амьсгал, бие, сэтгэлийн нэгдэл юм. Йогоор хичээллэснээр амьсгалын замын өвчин илааршин, биеийн хөшингө байдал арилан, оюун санаа ухамсрын түвшинд эрүүлждэг. Йога хийж, бие, оюун санаа ухамсарт ямар нэгэн өөрчлөлт гарч байна гэдгийг биеэрээ мэдээд ирэхээр чихэр амталж буй мэт салахаа больдог. Оюун санаа ухамсрын замд хэн хамгийн түрүүнд очно тэр хүн аз жаргалыг мэдэрнэ. Тиймээс монголын ирээдүй болсон хүүхдүүдийн аз жаргалын төлөө боловсролын системд хичээлийн хөтөлбөрт нь йог бясалгалыг албан ёсоор оруулж өгөх нь зүйтэй. Йог хийх хүсэлтэй ч санхүүгийн боломжгүй улсууд зөндөө байдаг. Тиймээс төрөөс албан ёсны бодлого явуулах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Дашрамд дурдахад, одоогоор манай улсад йог-бясалгалын 30 гаруй төв байдаг аж.
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд