top banner

“Тогтвортой МАА-н сан”-г бэлчээрийн төлбөрөөр бүрдүүлэн орон нутагт бий болгоно


2018-06-16 16:35:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХААБ, “Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөр, ХХААХҮЯ хамтран зохион байгуулсан “Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт манай улсад анх удаагаа болж дэлхий нийт хурлын таван хоногт Монгол Улс руу анхаарлаа хандуулж байлаа.
34 орны 120 гаруй төлөөлөгч, бүс нутгийн улсуудын ХАА-н сайд нар, Монголын төрийн болон ТББ, холбогдох бусад албаныхан зэрэг 500 гаруй мэргэжлийн хүмүүс оролцсон олон улсын хурлыг хааж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлэхдээ, энэ таван өдрийн турш дэлхий, бүс нутаг, улс орны түвшний олон чухал асуудалд төвлөрч, гарц шийдэл илэрхийлсэн, ажил хэрэгч, бүтээлч байдал амжилттай хуралдсныг онцлоод, “Манай улсад МАА-н тогтвортой хөгжлийг хангах суурь хүчин зүйл болсон бэлчээрийн доройтлыг сааруулж, хамгаалах чиглэлээр олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх нь чухал байгаа нь харагдлаа. МАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, экспортыг малын өвчин хязгаарлаж байна. Тиймээс малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж тэмцэх чиглэлээр зохистой менежментийг хэрэгжүүлэх нь зүйтэй байна" гэв. Тэрээр, хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг хангахад МАА-н тогтвортой хөгжлийн бодлого чухал ач холбогдолтойг тэмдэглээд МАА-н үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого, амьжиргаа буурах хандлагатай байгаа тул малчдыг дэмжиж, залгамж халааг хангах хэрэгтэй байна гэв.


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат олон талт түншүүдийн энэ удаагийн уулзалт манай улсын тусгай хамгаалалттай газар нутагт унаган төрхөө хадгалан үлдсэн байгальд малчны хотны дэргэд зохион байгуулсан нь онцлог байсныг хэлж байлаа. Хуралд оролцогчид малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, олон төрлийн амин дэмээр баялаг шинэхэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх дадлыг хэвшүүлэхийн тулд олон нийтийг мэдлэг, мэдээлэлжүүлэх хэрэгтэй байна. МАА-н салбар нь өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Тиймээс энэ салбарын үйлдвэрлэлийг дэмжсэнээр хүн амын амьжиргаа сайжирч, эдийн засаг өснө гэдэгт санал нэг байлаа.
МАА-н салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж, уур амьсгалын өөрчлөлт нь мал аж ахуйн салбартаа хүндрэл учруулж, тэр дундаа малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авч байгаа боловч үр дүн нь харилцан адилгүй байгаа учраас МАА-н салбар дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, түүний үр дүнд суурилан бүс нутгийнхаа онцлогт тохирсон стратеги боловсруулах нь зүйтэй гэж олон улсын судалгааны байгууллагынхан үзэж байв.


ХХААХҮЯ-наас “Монгол Улсын тогтвортой МАА-н үйл ажиллагааны төлөвлөгөө"-г боловсруулан гаргасныг ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн олон улсын төлөөлөгчдөд танилцуулахдаа, “Бэлчээрийн тогтвортой менежмент бүхий эдийн засгийн үр ашигтай, хүнсний аюулгүй байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулсан бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангасан зорилгыг хэрэгжүүлэхийн тулд 5 зорилт бүхий 34 арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Үүнд:
“Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох 1-р зорилтын хүрээнд:
  • Бэлчээрийн төлбөрөөр бүрдүүлсэн “Тогтвортой МАА-н сан”-г орон нутагт бий болгох,
  • Инноваци, технологийг хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх,
  • Мэдээллийн системтэй болж түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих системийг хөгжүүлэх.
МАА-н салбарын үр ашгийг дээшлүүлэх 2-р зорилтын хүрээнд:
  • Зорилтот зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох
  • Түүхий эд боловсруулах хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, анхан шатны боловсруулалтыг орон нутагт хийх
Малын эрүүл мэнд, малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах 3-р зорилтын хүрээнд:
  • Малын өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшил болгох
  • Бүс нутагт тохирсон малыг төрөлжүүлэн өсгөх, үржүүлэг селекцийн ажлыг зорилтот эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах
  • Монгол малын генетик нөөцийг худалдааны эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх
  • хөдөөгийн хөгжил, ядуурал, нийгмийн үйлчилгээний
Хөдөөгийн нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах 4-р зорилтын хүрээнд:
  • Орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах
  • Залуу боловсон хүчнийг орон нутагт ажиллах явдлыг урамшуулах
  • Малчид, залуу малчдад зориулсан сургалтыг үзүүлэх сургалт, туршлага судлах зэрэг дадлагажих сургалтын хэлбэрээр зохион байгуулах
Хамтын ажиллагаа, оролцоог дээшлүүлэх 5-р зорилтын хүрээнд:
  • МАА-н салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд түгээн сурталчлах
  • МАА-н экстэйншиний үйлчилгээг оролцогч талуудад тулгуурлан хүргэх зэрэг болно.
Тодруулга: Манай улс 110.5 сая га бэлчээрийн талбайтай нь нийт газар нутгийн 74 орчим хувийг эзэлдэг. МАА-н салбар ДНБ-ийн 10 хувийг бий болгодог ч нийт ажиллах хүчний 28 хувь буюу 303.6 мянган хүнийг ажлын байраар хангаж, манай улс жилдээ 343.7 мянган тонн мах, 891.5 сая литр сүү, 14 орчим сая ширхэг арьс, шир, 9.4 мянган тонн ямааны ноолуур бэлтгэх нөөцтэй байна.
 

Монгол брэнд