top banner

“Улаанбаатар Сити тур” автобусууд хот орчмын аялалдаа гарлаа


2018-06-16 14:52:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 4 дүгээр сард НИТХ-аас баталсан “Сити тур” төслийн хүрээнд нийслэлд хотод гадаад, дотоодын жуулчдад үйлчлэх, аялал жуулчлалын нэг төрлийг хөгжүүлэх зорилготой Улаанбаатар хот дотор, хотын орчимд аяллын автобус явуулахаар болсон.
Өчигдөр нээлтээ хийсэн “Улаанбаатар Сити тур” автобусууд өнөөдрөөс хот орчмын үйлчилгээндээ гараад байна. Улаанбаатар хотыг илэрхийлэх шинэ брэнд үйлчилгээ болох энэ төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн бусад улс орнууд хотын аяллаар дамжуулан улс орноо сурталчилдаг байдлыг судалж, аяллын маршрут хөтөлбөр гаргаад байгаа бөгөөд “Улаанбаатар Сити тур”-ын аялал нь дотроо гадаад, дотоодын жуулчдад зориулсан, хот доторх, хот орчмын гэсэн 4  маршрут гаргаад байна. Жишээ нь, гадаадын жуулчдад зориулсан хот доторхи аялал нь Д.Сүхбаатарын талбайгаас эхэлж Гандантэгчэнлин хийд Мэгжиджанрайсиг, Үндэсний музей, Сөүлийн гудамж, Зайсан толгой, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Богд хааны ордон музей, “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр хүртэл аялах юм. Гадныханд зориулсан хот орчмын аялал нь мөн Сүхбаатарын талбайгаас эхэлж Улаанбаатар-Цонжинболдог чиглэлд Дулмаалин хийд, Цайны замын хөшөө, Чингис хааны морьт болон Тоньюкукын гэрэлт хөшөөг үзэх юм.
Гадаадын жуулчдаас гадна аяллын автобус нь дотоодын иргэддээ үйлчлэх бөгөөд дунд сургуулийн сурагчдаас аваад оюутан залуус, мөн ахмад настнуудад зориулсан хөтөлбөр гаргажээ. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд, хөдөө орон нутгийн иргэд 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой боллоо. Дотоодын маршрутад Үндэсний номын сан, хотын сүм, музейнууд, АСЕМ Вилла цогцолбор, Дамбадаржаалин хийд,” АПУ”, “ТЭСО” зэрэг томоохон үйлдвэрүүдтэй танилцах аялал багтжээ.
Үйлчилгээний төлбөрийн хувьд гадаадын жуулчдад зориулсан аялал 25-40 мянган төгрөг бол дотоодын аялал оюутан сурагчдынх 20 мянга, ахмад настнуудынх 15 мянга, захиалгат аялал  40 мянган төгрөг байхаар урьдчилсан байдлаар тооцжээ. Захиалгат аялалд Горхи Тэрэлж, Манзуширын хийд, Чингисийн хүрээ, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Аглаг бүтээлийн хийд оржээ.
“Сити тур” аялалд АСЕМ-ийн чуулга уулзалтын үйлчилгээнд явж байсан, дэлгэц, аудио төхөөрөмжөөр тоноглогдсон, БНСУ-ын “Hyunda Universe Space” загварын том оврын автобуснууд явж эхэллээ. Автобуснуудыг түрээсийн гэрээгээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр ашиглан төлбөрийг нийслэлийн төсөвт тусгаж байхаар зохицуулахаар болжээ. Өчигдрөөс эхэлсэн “Сити тур” төслийн үйлчилгээг Нийслэлийн аялал жуулчлалын газар хариуцан зохицуулж хэрэгжүүлж байна.


 
Аялалын автобусыг танилцуулах үйл ажиллагаанд оролцсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ, “Бид жуулчдыг татаж аялал жуулчлалыг эдийн засгийн салбар болгоно гэж ярьдаг ч юуны өмнө  дэлхийн жишигт нийцсэн стандарттай үйлчилгээтэй байж жуулчдыг татах ёстой. Манай улсад ирсэн жуулчид хөдөө нүүдэлчдийн амьдрал, Хөвсгөл далайг үзэх гэж зорьдог бол Улаанбаатар хотод саатах жуулчдад зориулсан стандарт үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Үүний нэг “City tour” автобусны үйлчилгээ нь нийслэлд байгаа түүхэн дурсгалт газруудаар аялах боломжийг жуулчдад олгож байна. Хэдий Улаанбаатар хот цар хүрээ багатай гэдэг боловч бидэнд олон түүх дурсгалт газар бий” гэлээ.
 
Тодруулга: Манай улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч эдийн засагт 400 сая ам долларын орлого оруулсан бол энэ 2018 онд энэ тоо өсөх хандлагатай байна. Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг байна.
 
Б.Болд
 
 

Монгол брэнд