top banner

МҮХАҮТ-аас Хуулийн төслийг буцаасантай холбогдуулан мэдэгдэл гаргав


2018-06-16 13:53:45
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын шинэчлэлд онцгой ач холбогдолтой, бизнес эрхлэгчдийн хүлээж байсан ААНОАТ-ын тухай хуулийг УИХ-аас хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаахаар болсныг татварын шинэчлэлийн эсрэг, шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо гэж үзжээ.  
 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ААНОАТ-ын үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр ААН-үүдийг татварын бодлогоор дэмжихээр боловсруулсан хуулийн төслүүд дэх зохицуулалт танилцуулгатайгаа нийцэхгүй байгаа талаар гишүүд шүүмжилж УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Ганбаатар, Н.Тэмүүлэн, Н.Оюундарь, Ч.Улаан, Н.Ганболд нар дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр татварын эрх зүйн орчны шинэчлэлийг хийх хугацаа болсон, шаардлагатай бол гишүүдийн хэлж буй шүүмжлэлийг анхаарч, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлгийн шатанд хийх боломжтойг хэлээд ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахаас өмнө татварын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг сануулсан юм.
Ийнхүү гишүүд тодруулга хийж, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзснээр ААОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай тогтоолыг УИХ-аас баталсан юм. 
Тэгвэл үүнтэй холбогдуулсан МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, тэргүүлэгчдийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдийн нэр дээр мэдэгдэл хийв. УИХ-ын 6 дугаар 14-ний өдрийн чуулганаар татварын шинэчлэлд онцгой ач холбогдолтой ААНОАТ-ын тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдийн олонх нь бизнес эрхлэгчдэд маш их хүлээлт үүсгэсэн тус хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаах шийдвэр гаргасан нь татварын шинэчлэлийн эсрэг, шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо.  
ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад ААН, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан байсан бөгөөд эдгээр нь бизнес эрхлэгчдийн зүгээс дэмжлэг аваад байсан юм.
           
Өнгөрсөн 10 жилд манай улсын ДНБ 5.4, мөнгөний нийлүүлэлт 6.5, татварын орлого 4.1, ААНОАТ-ын орлого 4.3, ХХОАТ-ын орлого 9.2 дахин нэмэгдэж, мөн хугацаанд инфляци дунджаар 10 хувь байж, бараа, үйлчилгээний үнэ 286.24 хувиар өссөн статистик байна. ААНОАТ-ыг голлон төлдөг 398 байгууллага байдаг бөгөөд 2007 оноос мөрдөгдөж байгаа тус хуулийн 3 тэрбумын татварын шатлал нь ААН-ийг татварын дээд шатлалд орохоос зайлсхийн олон жижиг компани байгуулах, ажлын байрыг бууруулах, өрсөлдөх чадваргүй болоход нөлөөлсөөр байна. 
Энэ нь татварын орчныг эдийн засгийн нөхцөл байдал, компанийн өсөлттэй уялдуулан, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, үр ашигтай, хөрөнгийн төвлөрөлтэй, өрсөлдөх чадвар бүхий ААН бий болгох зорилгоор татварын шатлалын босгыг 6.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх зэрэг эрс шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай чухал хуулийн төсөл байсан юм” гээд эдийн засаг сэргэх нааштай өөрчлөлтүүд бий болж байгаа өнөөгийн нөхцөлд 2007 оноос хойш мөрдөгдөж буй тус хуулийг шинэчлэх шаардлагатай болсонд онцгой анхаарал хандуулж, УИХ-ын дарга, эрхэм гишүүд Та бүхэн Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийнхээ дагуу, өөрсдийн үүргийг ухамсарлан тус хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэн, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлгийн шатанд хийж, бусад хуулийн төслүүдтэй хамт хэлэлцэн, батлахыг шаардаж байна гэжээ.
 
Б.Болд
 
 

Монгол брэнд