top banner

Зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах нь эдийн засагт гажуудал үүсгэнэ


2018-06-15 16:37:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар М.Оюунчимэг гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” асуулгын хариуг сонслоо.

Ерөнхий сайдын асуулгын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Зээлийн хүүг захиргаадалтын аргаар бус эдийн засаг, санхүү, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах нь зөв хэмээн Засгийн газар үзэж байгааг Ерөнхий сайд хариултынхаа эхэнд онцолсон байна. Захиргаадалтын аргаар бууруулах нь зах зээлийн эдийн засагт гажуудал үүсгэж, санхүүгийн хүндрэлд хөтлөх эрсдэлтэй аж. Тиймээс Зээлийн хүүг бууруулах стратегийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Зээлийн хүүг бууруулахад Монголбанкны бодлогын хүү  ихээхэн нөлөөлдөг байна.Тиймээс энэ оны 3 дугаар сард Монголбанк бодлогын хүүгээ 10 хувь болгож бууруулсан. Энэ бүх үйл ажиллагааны хүчинд 2024 онд зээлийн хүүг 16 хувь болгон бууруулахаар төлөвлөж байгаа юм. Мөн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх зорилгоор Засгийн газар, ОУВС-тай байгуулсан гэрээний хүрээнд жилд 122-163 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасныг Ерөнхий сайд дурьдсан байна. Түүчнлэн ипотекийн зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулалтын ажилтай уялдуулахаар төлөвлөж байна. Одоогоор ипотекийн зээлийн 8 хувийн хүүг бууруулах боломжгүй байгаа аж. Энэхүү хүүг захиргаадалтын аргаар бууруулснаар Монголбанкны алдагдал өсөх, Засгийн газрын хөрөнгөөр өмнө нь зээл авсан 69 мянган иргэний хүүний зөрүүг төлөх зэрэг санхүүгийн эрсдэл дагуулахыг асуулгын хариуд дурьджээ.

Асуулгын хариутай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Зээлийн хүү хадгаламжийн хүүтэй нягт уялдаатай. Тиймээс хадгаламжийн хүүгийн өсөлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлах чиглэлд анхаарахыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Билэгт нарын гишүүд хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Монгол Улс зээлийн хүүгийн дарамтад хүлэгдэж байна. Гадаад улс оронд зээлийн хүү 3-5 хувтай байхад Монголд 20-30 хувь байдаг. Засгийн газар ард түмнээ зээлийн дарамтаас гаргахад тууштай ажиллах хэрэгтэй. Гадаадын банкыг оруулж ирэх нь зээлийн хүүг бууруулах нэг нь гарц юм” гэлээ.

Түүнчлэн М.Оюунчимэг гишүүн, “Зээлийн хүүг бууруулах асуудлыг иргэн, аж ахуйн нэгж бүр хүлээж байгаа. Монголбанкны удирдлагууд 2018 онд зээлийн хүүг 3 хувиар бууруулахаа амласан. Тиймээс Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны боловсруулж буй Зээлийн хүүг бууруулах стратегийг энэ хаврын чуулганд багтаан батлах, хэрэгжүүлэх чиглэлд УИХ-аас тодорхой шийдвэр, тогтоол гаргаж ажиллах хэрэгтэй. Өмнө нь ипотекийн зээлийг дандаа хувьдаа орон сууцтай хүмүүс авч байсан. Зорилтот бүлэг буюу гэр хорооллын иргэддээ төдийлөн хүрч чадаагүй. Тиймээс Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийг зөв хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Ч.Ариунболд

Монгол брэнд