top banner

Чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулж, хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэв


2018-06-15 16:06:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас нэн хортой хүнсний бүтээгдэхүүний ангилалд оруулсан чихэрлэг ундаанд 20 хувийн татвар ногдуулснаар иргэдийн жилийн хэрэглээг 28 хувиар бууруулах боломжтой хэмээн  АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид тогтоожээ.
 
Уг судалгааг өнөөдөр болсон ЭМЯ, Сангийн яам, ХХААХҮЯ, АШУҮИС, НМХГ, Нийслэлийн татварын газар хамтран зохион байгуулсан “Чихэрлэг ундааны онцгой албан татварын эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол” уулзалтын үеэр танилцуулав.
 
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “Чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна, улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Улмаар төсвөөс эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгө нэмэгдэх юм. Мөн ДЭМБ халдварт бус өвчнийг бууруулахад чиглэсэн 2013-2020 хөтөлбөртөө нэн хортой бүтээгдэхүүнд татвар ногдуулах зөвлөмж ирүүлсний дунд чихэрлэг ундаа багтсан байдаг. АШУҮИС-ийн  эрдэмтэн, судлаачид чихэрлэг ундааны боруулалтаас 20 хувийн онцгой албан татвар авснаар жилд 98.4 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой хэмээн тооцоолсон” гэлээ.

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн  сургуулийн докторант М.Ундрам, “Манай улсын насанд хүрэгчид төдийгүй  хүүхэд, өсвөр үеийнхний таргалалтын хэмжээ хэт өндөр түвшинд хүрснийг 2016 онд холбогдох байгууллагуудаас гаргасан судалгаа харуулж байна. 2010 онтой харьцуулахад 6-11 насны хүүхдийн таргалалт 7 дахин нэмэгдсэн. Энэ нь илүүдэл жин зөвхөн насанд хүрэгчдийн өвчин биш ирээдүй хойч үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсныг илтгэж байна. Таргалалтад нөлөөлөх гол хүчин зүйл нь хооллолт, хөдөлгөөн. Хооллолт дотроо чихэрлэг ундаа хамгийн их нөлөө үзүүлж байна. Түүнчлэн ундаанд их хэмжээний элсэн чихэрээс гадна зарим оронд хориглосон тогтворжуулагч бодис ордог тул ундааны хэрэглээг эрс хязгаарлах шаардлагатай” хэмээн онцлов.
Дэлхийн хэмжээнд АНУ-ын зарим муж, Австрали, Мексик, Чили, Дани, Норвеги, Франц, Ирланд, БНСУ, Лаос, Өмнөд Африк зэрэг орон чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулсан байдаг аж. 
О.Болорцэцэг
Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд