top banner

Олон улсын Парламентын төлөөлөгчид Төв аймагт зочиллоо


2018-06-13 18:40:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатар хотноо болж буй “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт ээлжит зөвлөгөөнд оролцогч Ази, Номхон далайн бүсийн 13 орны парламентын 30 гаруй элч төлөөлөгч өнөөдөр (2018.06.13) Төв аймагт зочиллоо.
 
Төв аймагт зочлохоосоо өмнө нийслэлийн Баянгол дүүрэгт байрладаг Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээр орж үйл ажиллагаатай нь танилцсан.
 
Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нь хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх боловсрол мэдлэг олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монголоос НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай харилцдаг анхны байгууллага гэдгийг тэргүүн нь зочдод танилцуулсан.
 
Дараа нь төлөөлөгчид Нэгдсэн эмнэлэг, төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцахаар Төв аймгийг зорив.
 
Зочдыг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Төв аймгийн удирдлагуудын хамт угтан авч, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулсан. Зочид энэ үеэр эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдээс хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний үнэ өртөг, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргийг сонирхон асууж байв. Мөн эх нярайн зайн оношлогооны төслийн үйл ажиллагааг сонирхож танилцсан юм.
 
Төв аймагт ийнхүү ажилласны дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд зочдыг “Чингисийн хүрээ” жуулчны баазад хүлээн авч, Монголын соёл, гэр, орон сууц, зан шаншил, урлаг, үндэсний баяр наадам ямар байдгийг бодит байдал дээр нь сонирхуулах зорилгоор “Бэсрэг наадам” зохион байгуулж, хүндэтгэл үзүүллээ.
 
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Зөвлөгөөн амжилттай болж өндөрлөж байна. Парламентчдын энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн парламентын гишүүд та бүхэнд, төлөөлөгчөө ирүүлсэн Ази, номхон далайн бүсийн орнуудын парламентуудад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.
 
Бид энэ хоёр өдрийн хугацаанд өөр өөрсдийн орны парламентууд “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хангахад ямар асуудал дээр анхаарал тавьж, шийдвэр гаргаж, нэгдсэн байр сууртай ажиллаж байна вэ гэсэн чиглэлээр их олон зүйлийг ярилцаж, зөвлөлдөж, туршлага солилцлоо. 2030 он хүртэл дэлхийн улс орнууд тогтвортой хөгжих зорилтод хүрэхийн тулд ямар асуудлуудыг шийдсэн байх вэ гэдгийг НҮБ 2015 онд тодорхойлж, тодорхой зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нэг бүс нутагт, хөрш зэргэлдээ оршин буй улс орнуудын төр, засгийн гаргаж байгаа шийдвэр нь адил төстэй, иргэдийн амьдралынх нь төвшин ойролцоо байх ийм зорилтыг агуулж энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан гэж үзэж байгаа.
 
Миний бие 2016-2017 оны хооронд Олон улсын парламентын холбооны Ази, номхон далайн бүсийн даргаар ажиллаж байх хугацаандаа ч эл асуудлын талаар олон удаа Олон улсын парламентын холбооны хурал дээр үг хэлж, та бүхэнтэй мөн санал бодлоо хуваалцаж байсан.
 
Өчигдөр орой та бүхэн албан ёсны зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын нэртэй “Улаанбаатарын хамтарсан тунхаг” бичгийг боловсруулж, баталсан. Энэ баримт бичгийг цаашид хэрэгжүүлэх талаар зөвлөгөөнд төлөөлөгчөө оролцуулсан улс орнуудын парламентууд анхаарал тавьж ажиллана гэдэгт эргэлзэхгүй би байна” гэлээ.
 
Тэрбээр энэ үеэрээ зөвлөгөөнийг дэмжиж зохион байгуулсан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийлэв.  
 
Зочид, төлөөлөгчид монголчуудын биет бус соёлын өвөөр ЮНЕСКО-д бүртгүүлсэн эрийн гурван наадмын хувилбар “Бэсрэг наадам”-ыг үзэж сонирхсоноор энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн. 
 
Энэ өдрийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Сарангэрэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, А.Ундраа, Б.Саранчимэг нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

Монгол брэнд