top banner

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзав


2018-06-13 17:54:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, мөн зүйлийн 31.4 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Тус хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал оролцжээ. Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэж холбогдох зохицуулалтыг тус өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль зүйн техникийн хувьд засаж залруулах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлтэд дурдсан байна.
 
Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 6 дугаар сарын  06-ны өдрийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралаас хариулт авлаа. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь татгалзлаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүнээс 2018 оны тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. УИХ-ын даргын 2018 оны 76 дугаар захирамжаар төвлөрлийг сааруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг орон нутгийн иргэд, судлаачдын саналаас гадна урьд УИХ-аас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн үргэлжлэл болгон нэн тэргүүн төрийн орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог хэвтээ чиглэлд нь оруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Энэ үүднээс 8 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Одоо хэрэгжиж буй хуулиар босоо тогтолцоотой байгааг хэвтээ тогтолцоонд оруулах буюу улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн дарга, улсын бүртгэгчийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай  зөвшилцөн тухайн шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлөх тухай зохицуулалтыг нэмэхээр төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь УИХ-аас төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний  үргэлжлэл болох бөгөөд  орон нутгийн мэргэжлийн байгууллагын  удирдлагыг томилохтой холбогдсон зохицуулалт нэг ижил зарчмаар мөрдөгдөх боломжтой хэмээн үзсэн байна. Ингэснээр төвлөрлийг сааруулах үйл явцын дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чухал  суурь болох талаар танилцуулгад дурдав. 
 
Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх гишүүн гараагүй, харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хэлсэн. Төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа тэмдэглээд, энэ төслийг Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдтэй нэгтгэх нь зүйтэй гэдэг саналыг илэрхийллээ. Төвлөрлийг сааруулах бодлогын ажлын эхлэл нь эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, цаашдаа төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, чиг үүргийг засаг захиргааны нэгж, шатлал, байгууллага, албан тушаалтнуудаар нь ангилж, нарийвчлан зохицуулах шаардлага бий. Үүнтэй уялдан татварын багц хуулийн төслүүд болон Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой гэдгийг тэрбээр хэлж байв. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, орон нутаг бүр төсөвтэй, эрх үүргийн хуваарилалттай, хууль хэрэгжүүлэх нарийн зохицуулалттай болгох ажлыг УИХ хийх учир холбогдох талууд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.


Монгол брэнд