Налайх дахь мах боловсруулах үйлдвэр энэ намар ашиглалтад орно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-06-13 17:07:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга, тэргүүлэгч нар Налайх дүүрэгт барьж буй мах боловсруулах үйлдвэрийн төсөлтэй газар дээр нь танилцлаа.
6.2 га газарт барьж буй тус үйлдвэр үйлчилгээний байр, боловсруулсан бүтээгдэхүүн борлуулах төв, мал төхөөрөх байр зэрэг 5 хэсэг барилгаас бүрджээ. Энэ намар ашиглалтад орохоор төлөвлөж буй тус үйлдвэр өдөрт 7500 бог, 1500 бод нядлах хүчин чадалтай ажиллах юм. Энэ талаар бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй “МБҮ” ХХК-ийн ерөнхий захирал С.Бямбасүрэн НИТХ-ын дарга С.Амарсайхан, тэргүүлэгч Ц.Байгалмаа, Д.Баярхүү нарын албаны хүмүүст танилцууллаа.
Нийслэлийн иргэдийг 100 хувь эрүүл, чанартай махаар хангаж, боломжийн үнээр авах боломжийг бүрдүүлэх зорилготой, мах бэлтгэл, худалдааны захтай нь хамт дэлхийн стандартад нийцүүлэн байгуулж, орчин үеийн чанар, стандартыг хангасан тоног төхөөрөмж бүхий үйлдвэр ажиллаж эхэлснээр шинээр 700 ажлын байр бий болно гэж тооцжээ. Үүнтэй холбоотой НИТХ-ын дарга С.Амарсайхан үйлдвэрийн захиралд хандан Налайх дүүргийн  удирдлагуудтай ойлголцож хамтран ажиллах, үйлдвэр баригдах болон баригдсаны дараах ажиллах хүчийг Налайх дүүргийн иргэдээс сонгон шалгаруулж ажиллуулах чиглэл өгч, малын захыг үйлдвэрийн дэргэд биш, суурьшлын бүсээс зайдуу байршуулах, үүнтэй холбоотой замын постыг шинэчлэн байгуулах  үүргийг Нийслэлийн холбогдох агентлагын дарга нарт хандан өгсөн бол махны үйлдвэрийн дэргэд малын зах баригдахаар төлөвлөж байгаа аж.
 НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа "Малын гоц халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэхийн тулд замын постуудыг Налайх дүүргээс зайдуу байрлуулсан байтал энэ төслийн хувьд малын захыг хамтад нь шийдвэрлэсэн нь  нийслэл хот руу малын өвчлөл орохгүй гэсэн баталгааг бууруулах эрсдлийг бий болгож байна. Тиймээс энэ асуудалд анхааран ажиллах ёстой" гэсэн саналаа илэрхийллээ.
Энэхүү төслийг хувийн хөрөнгө оруулалтаар эхэлж, төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот руу орох махыг лабораторын шинжилгээгээр оруулж, үйлдвэрийн аргаар бэлтгэн зориулалтын машинаар тээвэрлэх юм.
 
Холбоотой мэдээ