Хэрлэн голын эргийг нуралтаас хамгаалах далан байгуулж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-06-13 16:48:30
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОАЖГ-аас гол ус, нуур цөөрмийг хамгаалах чиглэлээр нэлээд ажил хийж байгаагийн нэг нь Хэрлэн голын эргийг нуралтаас хамгаалах далан юм. Далан байгуулах ажил эхлээд удаагүй байна. Үүнээс гадна тус газар иргэдийг гол усыг бохирдуулахаас сэргийлж, Хэрлэн голын гурван гүүрт хяналтын камер байрлуулжээ.
Мөн Хэрлэн голын усны түвшин сүүлийн жилүүдэд аажмаар багасч байгаа учир голын ай сав дагуу загас үржих, өвөлжих усан сан байгуулах судалгааны ажлыг эхлүүлсэн гэж  БОАЖГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхсайхан хэллээ.
Тус газраас Буйр нуурын загасны нөөцийг хамгаалах, хар галууны тоог хязгаарлах ажлыг сүүлийн гурван жилийн турш хийж байгаа юм. Мөн нуурын эрэг дагуу аялагчдад зориулсан түр буудаллах цэгийг гурван газарт байгуулан тохижуулж, байгаль орчны хяналтын посттой болгосон байна.
Буйр нуурын мөс хавар хайлж, цөн түрэх үеийн давалгаагаар булуу цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг загаснууд Баяннуур руу шахагдан гарч, хатаж үхсэн тохиолдол сүүлийн жилүүдэд давтагдах болсон. Энэ нь нуурын усны түвшин багасч байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ