Хөх хотоос бичсэн тэмдэглэл-3

Монголын мэдээ | Нийтлэл
dogsom@montsame.mn
2018-06-13 11:39:20
Хөх хотын өглөө тогтуун сайхан эхэлдэг. Гэхдээ бүтэн өдрийн турш цаг агаар тийм байна гэсэн үг ер биш. Энэ хотын цаг агаар тогтворгүй. Өдөр огцом халах юм уу эсвэл хүчтэй салхилж түр зуурын бороо орж мэднэ.Одоогоос олон жилийн өмнө Өвөрмонголын зурагтаар өнөөдөр “Бороо орж ч мэднэ, орохгүй ч байж мэднэ. Юутай ч шүхрээ авч гарахаа мартуузай” хэмээн мэдээлсэн гэсэн онигоо манайхны дунд яригддаг байв даа. Орчин цагт хаа газрын цаг уурын байгууллага худал мэдээлэхээ байсан ч цаг агаар гэв гэнэт хувьсахаар өөрийн эрхгүй энэхүү онигоо санаанд орох нь бий.
Хөх хотод гэгээ эрт тусна. Зун цагт өглөө 4 цаг гэхэд цагаан гэгээ орж, 5 цаг гэхэд  хүнсний жижиг захууд ажиллаж эхэлнэ. Тэдний гол худалдаачид нь хот орчмын аж ахуй эрхлэгчид, худалдан авагчид нь настайчууд. Настнууд үүр хаяарахтай зэрэгцэн сэрдэг болохоор хийх юмгүй ч байдаг биз, өдрийнхөө ногоо цагааг тэрхүү захаас базаадаг аж. Энд ер нь 6 цагт босдог хүнийгэртэч гэхгүй шүү.Ахлах ангийн бололтой хүүхдүүд хүртэл хэзээний босчихсон цүнх савтайгаа алхаж явахтай олонтаа тааралдана.
Цэцэрлэг 7:50 минутаас өмнө, сургууль 8:00 цагаас, албан ажил 8:30 минутад эхэлнэ. Өмнө нь сургууль эртээ хүүхдүүдээ оруулдаг байсан бол одоо энэ байдлыг хориглож зөвхөнхичээл эхлэх үед хаалгаа нээдэг байхаар журамласан байна. Учир нь хүүхдүүд давтлага сургуульд хэт шамдаж, чөлөөт цаггүй байна гэж үзсэн тул сургуулийн анги танхимыг тогтсон цагаас өмнө нээхийг болиулжээ. Гэлээ ч эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээлийн бус цагаар маш их ачаалладаг. Цагийн багш хөлсөлж элдэв төрлийн сургалтад хамруулсаар орой 8 цаг гэхэд сулрах хүүхэд захаас аваад байх. Ямартаа л хүүхдээ их дээд сургуульд оруулахын тулд 9 дүгээр ангид орох үед сургуулийнх нь дэргэд байр хөлслөн суун нэмэлтээр хичээл давтуулдаг байна. Ингэж 3 жил нүдсэний эцэст хүүхдээ их дээд сургуульд оруулсан тохиолдол цөөнгүй гэнэ.
Жил бүрийн өдийд их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтыг орон даяар зэрэг явуулдаг. Энэ жилийн ЭЕШ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Бүх Хятад даяар 9.7 сая хүүхэд, Өвөрмонголд 195 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгөв. Сургуулийн гадаа сүүдэр бараадсан эцэг эхчүүд бөөгнөрч, эмнэлэг цагдаа, хэв журам сахиулах бусад алба нэгжийнхэн ойр орчимд  нь гарч ажиллалаа. Зарим нь ч хүүхдээсээ түрүүлж сандардаг ч биз, даралтаа үзүүлж суугаа ижий аав, эмээ өвөө нар ч харагдсан. Өмнө нь элсэлтийн ерөнхий шалгалтад ороход насны хязгаар тогтоож, гэрлэж бараалсан элсэгчийг шалгалтад оруулдаггүй байсан бол 6-7 жилийн өмнөөс энэхүү хоригийг цуцалжээ. Саяны шалгалтын үеэр Хөх хотын 200 такси элсэгчдэд зориулж үнэгүй үйлчилгээ үзүүллээ. Таван одтой буудлууд үнээ хангалттай хямдруулсан тул эцэг эхчүүд хүүхдээ тэнд буулгаж ая тухыг нь хангав.


Их сургуулийн 4 жил оюутнуудын хувьд өрсөлдөөний он жилүүд болж өнгөрдөг бололтой. Сургууль төгсөөд төрийн албан хаагчийн шалгалт гэж том даваа тэднийг хүлээж байдаг. Тиймээс зарим ээж аавууд төгсөхөөс нэг жил өмнө мөн л ажил төрлөөсөө чөлөө зөвшөөрөл авч хүүхдээ биечлэн сургадаг гэх. Миний нэг танил өвөрмонгол охиныг аав нь их сургууль төгсөхөөс жилийн өмнө дагалдуулан сургаж төрийн албан хаагч болгосныг мэдэх юмдаг. Ийм их өрсөлдөөний дунд яваа болохоор Хөх хот, түүний тойрогт амьдарч байгаа залуусын амьдралын төлөвлөгөөнд 30 наснаас нааш гэрлэх тухай бодол байхгүйтэй адил. Оюутан байхдаа гэрлэсэн, за тэгээд хүүхэд төрүүлсэн бол бараг нийгмээрээ гайхаж хүлээж авна. Саяхны жилүүдэд юм уу даа, хоёр оюутан залуу гэрлэж хоёр ч хүүхэдтэй болчихож. Энэ нь бараг энэ цагийн үеийн түүхэн дэх ганц тохиолдол бололтой яригдаж байх юм.
Хот газарт залуус ажилтай болсон ч өөрсдийгөө дараагийн сургалтад бие даан бэлдэнэ. Жолооны болон хэлний курст сурахын зэрэгцээ гадагш явж суралцахын тулдажлын бус цагийг ашиглана. Арай гэж ажилтай, ажлын дадлага туршлагатай, эрдмийн зэрэг цолтой болсоор байтал 30 гарч эхнэр хүүхэдтэй болно. Эр эм хоёр хүүхэдтэй болсон цагаас эхэлж өөрсдийн амьдрал гэж байхгүйтэй адил болдог шиг байгаа юм. Дэлхий нарыг тойрон эргэлддэг шиг хоёр талын эмээ өвөө, аав ээж өнөө ганцыгаа тойрон эргэлдсээр энэ насыг барна. Хүүхэд бол тэр айлын гол төв нь. Ер нь бурхан нь гэхэд болно.
Одоогоос хоёр жилийн өмнө төрөөс нэг өрх хоёр хүүхэдтэй байж болохоор шийдвэрлэсэн. Эхний жилд хоёр дахь төрөлт олширч, төрөлтийн тоо өссөн дүнтэй гарсан байна. Гэтэл хоёр дахь жилд нь өнөөх өсөлт буурсан гэсэн үзүүлэлттэй гарчээ. Учир нь хүүхэд өсгөх зардал жилээс жилд өндөр болж байгаагаас Хөх хотод ч хүмүүс олон хүүхэд төрүүлэхээс татгалзах болжээ. Өвөрмонголчууд ч ялгаагүй. Өмнө нь 2-3 хүүхэдтэй айл захаас аваад байдаг байсан бол суурин газрынхан нэг хүүхэдтэй байхыг чухалчлах болсон байна. Эднийхний хүүхэддээ тавьдаг анхаарал халамж тун өндөр. Өөрсдөө ядаргаанд ортлоо хүүхдээ асарч бөөцийлдгөөс хүүхдүүд нь их танхи. Гурав орчим насныхан бол  дархан эрхтэй хүмүүс. Эцэг эхийнхээ нүүрийг улайтал олон нийтийн газартуйлж орилж, багагүй жүжиг тавих “нөхдүүд”-ийг мэр сэр олж харах. Ээж нь аргадаж, аав нэг том дуугарлаа ч хэн хэн нь алган боов хүртээж зүрхлэхгүйюм аа. Хаа очиж харин малчдын хүүхдүүд илүү хөрвөөр өсдөг бололтой.
Энд ясли гэж байхгүй. Гурав хүртэлх насны хүүхдийг төлбөртэй цэцэрлэгт өгч болдог. Монгол хүүхэд гурав хүрсэн тохиолдолд албаны ёсоорцэцэрлэгт өгч болно. Цэцэрлэг хөлс мөнгөгүй. Хөх хотод Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг гэж байна. Тэрхүү цэцэрлэгт монгол хүүхдийг авдаг. Гэхдээ Сайхан дүүрэгт амьдардаг бол хүүхдээ өгөх эрх тань нээгдэнэ. Тиймээс өвөрмонголчууд уг дүүргээс байр худалдаж авах сонирхолтой. Тус хотод монгол сургууль хоёр байдаг. Хөх хотын үндэстний туршилтын сургууль нь бэлтгэл болон 1-6 дугаар ангийн сурагчдыг хүлээж авдаг бол Хөх хотын Монгол сургууль бага-дунд-ахлах ангитай. Сургуулийн босго нас 7, бэлтгэл ангид 6 настнууд орно. Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай. Сургалт үнэ төлбөргүй.
Цэцэрлэг сургуулийнхныг хамгийн сайн харгалздаг хүмүүс бол эмээ өвөө нар юм. Гэхдээ эндхийн эмээ өвөө нар өөртөө бас чамгүй анхаарал тавьдаг. Зах явж сүү сааль, ногоогоо авчихаад өглөөний дасгал хийнэ. Бас Өндөр настны дээд сургуульд сурна. Тус сургуульд тэтгэвэрт гарсан хүнийг элсүүлдэг. Тэтгэврийн насыг эмэгтэй 55, хариуцлагатай ажил эрхэлдэг бол 60, эрэгтэй мөн 60 насаар тогтоожээ. Яг төрсөн өдрөөрөө гавьяаныхаа амралтад суудаг. Өндөр настны дээд сургуулийн хичээл есдүгээр сард эхэлдэг. Дуу хөгжим, бүжиг, уран зохиол, зураг, гадаад хэл, уран бичлэг, түүх зэрэг олон төрлийн ангитай. Аль ангид сурахаас хамаарч төлбөр болон сургалтын хугацаа өөр. Компьютерийн анги 2 сарын хугацаатай байх бол дууны анги нэг жилээр хүлээн авдаг байх жишээний. Төлбөрийн хувьд жилд дунджаар 100-260 юанийн хооронд хэлбэлзэнэ. Ахмадууд залуу насандаа сурч боловсорч чадаагүй мэргэжлээ эзэмшиж мөрөөдлөө биелүүлэхээс гадна цагийг олон дотор зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлдэг тул элсэгчдийн оочер дугаарлалт цагаан сарын галт тэрэгний тасалбар авахтай адил сунжирсан гэх. 
Ажил сургууль эхлэх, тарах цагаар хотын төвөөр багагүй түгжрэл үүсдэг. Сүүлийн үед энэ хотын хүн ам өссөн, унаа машины хэрэглээ ихэссэн үүний дээр метроны хоёр ч шугам тавьж байгаагаас хот сүрхий түгжирдэг болж бүх Хятад дотор Хөх хот түгжрэлээрээ тавд эрэмбэлэгдэх болжээ. Хот дотор метроны 5 шугам тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар хоёр шугамын ажил хийгдэж байна. Нэгдүгээр шугамын урт нь 23.2 км, 60 км/цагийн хурдтай байх ба19 буудалд зогсоно. Зам барилгын ажил 2015 онд эхэлсэн,  ирэх онд дуусгахаар ажиллаж байгаа. Хоёрдугаар шугамын урт нь 28.2 км, 60 км/цагаар хурдлах бөгөөд 24 буудалд зогсох юм. Барилгын ажилхоёр жилийн өмнө эхэлсэн, 2020 онд дуусах юм. Тэдгээр бүтээн байгуулалтад нийт 37 гаруй тэрбум юань зарцуулахаар төлөвлөсөн.Мөн хот дотор давхар замуудыг тавьж байгаа нь түгжрэлийн шалтгаан болж байгаа аж.
Хөх хот хэдийгээр зам нь түгжрэлтэй, иргэдэд нь цахилж яваа нийгмийн өрсөлдөөн дунд амьдарч байгаа ч нийт дундаа бол их  амар амгалан, стрессгүйхот юм. Үүний цаад нууц нь ерөөс эндхийн иргэд хуулийг дагаж мөрдөх, сахин хэвшүүлээд сурчихсан байгаа явдал юм. Урд зүгийн улс гэхээр арилжаа наймаа хийхийн одонд төрчихсөн, ашгаас өөрийг боддоггүй гэж ойлгодог цаг үе энд халаагаа өгч байна. Иргэдийг соёлжуулах төрийн бодлогын нөлөө маш эрчтэй явагдаж байна. Тухайлбал, сүүлийн үед явган хүний гарцаар гарч буй иргэдэд жолооч нар зам тавьж өгдөг байх тусгайлсан дүрэм гаргажээ. Гадны хүний нүдээр харахад тус дүрмийн хэрэгжилтийн явц 50 хувьтай юмдаг уу даа. Ер нь худалдаачид дутуу жинлэх, хуурамч бараа худалдаалах, хариулт өгөхгүй мартуулах эсвэл дутуу өгөх гэх зэрэг гадна дотны улсуудыг гонсойлгодог үзэгдлүүд энэхүү хотод харьцангуй бага шиг санагдсан. Харин дам сонсох нь ээ, шинэ дугуй дэлсдэг эсвэл халаас суйлдаг ганц нэг бүлэг хүмүүс байдаг гэх.  Бас ч заримдаа хэн нэгэн ухамсаргүй балагт үйлдэл олны нэрийг баастдагийн үлгэр тэр биз ээ.

Хөх хотод яаралтай холбоо барих утасны дугаар:
Цагдаа: 110
Лавлах: 114
Замынцагдаа: 122
Эмнэлэг: 120 or 999
Гал түймэртэй тэмцэх алба: 119
Б.Туул
 
 
 

Холбоотой мэдээ