БҮЖГЭН ЖҮЖГИЙН ИРЭЭДҮЙ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2018-06-04 18:08:58

Үйлдэл, хөдөлгөөн, хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ. Харин балет нь утга санаа үйл, явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, дүрслэх урлаг, дизайн зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм. Тиймдээ ч тус сонгодог бүжгийн төрөл дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг өөртөө шингээж бүжгийн урлагийн уран сайхны дүрийг илэрхийлэх гол хэлбэр болж хөгжсөн юм.

А.Аданы “Жизель”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Щелкунчик”/Цөмөөхэй/, “Нойрсож буй гүнж” гээд дэлхийд алдартай  сонгодог бүтээлүүд бий. Монгол орон ч балетын арвин туршлагатай. Монголд хамгийн анх 1953 онд Г.Жамьяны хөгжмөөр, Ц.Раднаагийн дэглэлтээр нэг үзэгдэлт “Манай нэгдлийнхэн” нэртэй бүжгэн жүжгийг тавьж байсан бол 1956 онд Б.Асафьеиний “Бахчисарайн оргилонт булаг”, Ф.Яруллиний “Шурале” хэмээх бүжгэн жүжгийг тавьсан нь сонгодог бүжгэн жүжгийн эхлэл болж, бүжигчдийн ур чадвар өсөхөд ихээхэн нөлөөлсөн байна. Тухайн үед балетмастерууд бэлтгэх нь чухал асуудал байсан учраас 1950-иад оноос ЗХУ-д бүжигчдийг сургахаар явуулсан нь балетын хөгжилд том дэвшил авчирсан байдаг.
Харин өнөөдөр БСШУСЯ-ны ивээл дор “Монголын балетын хөгжил сан” санаачлан УДБЭТ-тай хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Сонгодог бүжгийн олон улсын тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдийг тодруулсан юм. Энэхүү балетын олон улсын анхдугаар уралдааныг МУГЖ, балетчин Д.Алтанхуяг санаачилж, зохион байгуулсныг мөн дурдах хэрэгтэй.



Тус уралдаанд Монгол, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон, Сингапур гэсэн зургаан орноос нийт 80 балетчин ур чадвар сорьсноос 19-29 насны ан­гилалд УДБЭТ-ын балетын гоцлооч О.Ану­жин шилдгээр шалгарч Гран при шагнал хүртэв.

Монголын Балетын олон улсын анхдугаар уралдааныг шүүхээр долоон орноос 11 шүүгч ажиллажээ.

Шүүгчдийн төлөөлөл, БНСУ-ын Балетын сан­гийн тэргүүн Пак Жэ Кён “Монголын Ба­летын олон улсын уралдаан цаашид дэлхийн хэмжээний хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болоосой гэж ерөөе. Оролцогчдод хандаж хэлэхэд ялсан ч, ялагдсан ч энэ тэмцээн та бүхний их урлагт хөлөө зөв тавихад түлхэц болсон ал­хам байх болно. Мөн энэ тайзан дээ­рээс Монго­лын балетад үүрд дурсагдах хоёр хүний нэ­рийг хэлэхийг хүсэж байна. Тэр хүмүүс бол танай улсад балетын урлагийг үүсгэн хөгжүүлэгч Б.Жамъяндагва болон Монголыг олон улсын уралдаантай болгож буй санаачлагч, зохион байгуулагч Д.Алтанхуяг нар юм. Энэ хоёр хүнийг би Монголын балетын баатрууд гэж бодож, хүндэтгэж явах болно. Монголын Балетын олон улсын хоёрдугаар уралдааныг зохион байгуулахад бүхий л хүчин чадлаа дайчлан оролцохоо амлаж байна” хэмээсэн билээ.



Балетьн урлаг нь хүмүүний сэтгэл хөдлөл, амьдралыг биеийн уян налархай хөдөлгөөнөөр хөг аялгуунд тааруулан харуулж, хүмүүст бие сэтгэлийн таашаал өгдөг. Тэр дундаас өөрийн гэсэн эрхэмсэг хөдөлгөөн, онцлог шинж, илэрхийлж буй арга техникээрээ хүнд хамгийн их сэтгэлийн таашаалыг төрүүлж, нийгэмд оршигч олон хүний сэтгэлзүйн өнгө төрхийг нэгэн аялгуунд нэгтгэн харуулж чадсан нь жинхэнэ балетчин болдог биз ээ.

Балетын тухай нэг аймшгийн гэмээр кино бий. Зарим талаар Америкийн сонгодог зохиол болох Эдгарын “Вильям Вильсон” өгүүллэгийн хуулбар гэмээр санагдана. Тэр бол Натали Портманы галзуу балетчины дүрд тоглосон “Хар хун” кино юм.



Балет бүжиглэдэг хүмүүсийг инээд хөөртэй, аз жаргалыг нүүрэндээ тодруулсан гоолиг биетэй, уян налархай хөдөлгөөнтэй нэгэн гэж ихэнх үзэгчид хардаг. Харин тус кино нь ийм алслагдмал цөөрмийн ус, үзэгчдийн бодол санааг ёстой л нэг долгионтуулж орхисон билээ. Гэвч Оскарын шагнал авсан жүжигчин Портман ихэнх хэсэгт өөрөө бүжиглээгүй. Учир нь балетын элементүүд ганцхан жилийн дотор сурчихмаар тийм амархан биш билээ.

Дэлхийн болон өөрийн орны 80 балетчинтэй өрсөлдөж түрүүлсэн УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин Гранпри шагналаа гардан авах үедээ хар эрээн хувцастай гарч ирсэн нь дээрх киног бодогдуулсан юм. Урлагийн оргилд хүрч, балетын хамгийн гоц хөдөлгөөнүүдийг чин зүрхний угаас хийж, тайзанд амилуулж чадсан жүжигчин л “төгс төгөлдөр”-ийг мэдэрч чадах мэт санагддаг тухай урлагийн томоохон шүүмжлэгчид ч дурдаж байсан удаатай.



Мэдээж ОУ-ын балетын уралдаан цаашид улам өргөжин тэлэх нь хүрэлцэн ирсэн шүүгчид, уригдсан зочдын ярианаас анзаарагдаж байв. Мөнхүү анхны тэмцээнд оролцож шилдэгээр шалгарсан хүүхдүүдийн үзүүлбэр хэчнээн тансаг, сэтгэл хөдөлгөм байсныг “гала” тоглолтоос нь үзэгчид бүрэн дүүрнээр харсан гэдэгт эргэлзэх зүйлгүй санагдана.

Олон жил гадаад оронд суралцаж, томоохон наадмуудад монголоо төлөөлөн оролцсоны дараа өөрийн сурсан мэдсэн зүйлсийг эх орондоо авчирж, хэрэгжүүлж, ирээдүйн томоохон балетчдыг сургаж буй хүн бол МУГЖ Д.Алтанхуяг. Тэрээр “Балетын олон улсын уралдаан бол цагаа олсон, маш олон давуу талтай онцлох үйл явдлаар дүүрэн боллоо. Бид танилцуулга дээрээ уралдааныг Монголын анхны уралдаан гээд, Улаанбаатар гэдэг нэрийг ихэд тодоор товойлгон харуулсныг мэдэж буй болов уу. Улаанбаатар гэдэг нийслэлтэй Монгол Улсад энэ уралдаан болно гэдгийг эхнээсээ ойлгомжтой, хүчтэй гаргаж ирье гэж шийдсэн. Мөн энэхүү урлагийг эх орондоо 60 гаруй жил хөгжүүлж ирсэн тэр стандартаа ягштал мөрдөж, гүйцэлдүүлж, улмаар сайжруулан баримталж явах шаардлага тулгараад байгаа өнөө үед тус уралдаан маш чухал арга хэмжээ болсон гэдэгт итгэлтэй байна. Бид эхний удаа зөвхөн уралдаан зохион байгуулж буй боловч цаашид балетын олон улсын томоохон хэмжээний наадам болгохыг зорьж байна” хэмээсэн юм.



Шилдэгээр шалгарсан балетчин бүр өөрийн авсан шагналыг үнэ цэнийг батлахаас илүүтэй үзүүлбэртээ алдаа гаргахгүй хичээж байх шиг санагдав. Тэдний зарим нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх халуун дулаан зүрх, хүч чадлыг бурхнаас гуйх мэт үзүүлбэр болгоны өмнө гараа залбиран зогсоно.

Хөлийн улнаас нь цус шүүрэх, шагайндаа элдэв шалбархайтай ч хажуу тийш налах, эсвэл өлмийгөө өргөн сунгалтын дасгалаа хийсээр байх жаахан охид балетын сургалтын төв бүрт бий. Тэдэнд эр зориг, заавал хүрэхийг хүсч буй мөрөөдлөөс нь илүүтэй тэсвэр тэвчээр байдаг. Тиймдээ ч балет бол хатуу урлаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь урлаг туйлын харгис бөгөөд түүний нэгээхэн оргилд нь өнөөдөр Монголын шинэ залуу үеийн балетчин О.Анужин хүрч чадлаа.
 
Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Б.Чадраабал

Холбоотой мэдээ