top banner

Бяцхан үзэгчдэд зориулсан жүжгүүд


2018-05-30 21:06:00
Зураг

ЦАРЦАА НАМЖИЛ

“Царцаа намжил” жүжиг нь үлгэрээс сэдэвлэсэн бөгөөд Боловсрол Соёл Шинжлэх ухаан, Спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээл” төслийн уралдаанд шалгарсан яруу найрагч Я.Баяраа, найруулагч Б.Золжаргал нарын хамтын бүтээл билээ. Тус жүжиг нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Улсын Драмын Эрдмийн театрт тоглогдох юм.



Уг жүжигт эрт урьдын цагт Эзэн Чингис хаан төрөхөөс ч өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар өгүүлдэг байна. Түүнчлэн Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилготой ажээ.

ЗҮГГҮЙ ШӨМБӨӨЛЭЙ

МҮЭСТО-ны хамт олон хүүхдийн баярын өдөр 12:00 цагаас МУГЖ Л.Лхасүрэнгийн зохиол, МУАЖ Ж.Лхамхүүгийн найруулсан “Зүггүй шөмбөөлэй” хүүхдийн жүжгийг бяцхан үзэгчдэдээ зориулан ганцхан удаа тоглохоор болжээ. Хүүхдийг бид цав цагаахан цаастай зүйрлэдэг. Чухам тэр цаасан дээр ямар зүйл зурна, түүний хирээр гэгээн дурсамж болон сэтгэлийнх нь гүнд хоногшин үлддэг. Тийм л аз жаргал, өнгийг бэлэглэхийг хүсвэл уг жүжгийг үзүүлэхэд тохиромжтойг зохион байгуулагчдын зүгээс онцолжээ.



Зүггүй хөөрхөн “Шөмбөөлэй” ишигхэн маань тугал, тахиа, нохой, хурга гэсэн өхөөрдөм найзуудтайгаа хамт амьдран суудаг байжээ. Гэтэл нэгэн өдөр зүггүй Шөмбөөлэй тоглож яваад бяцхан найзуудаасаа төөрчихдөг гэнэ. Харин түүний хаашаа явж, хаана нуугдсаныг үзэгч хүүхдүүд найзуудынх нь хамт хайж олох аялал бяцхан үзэгчдийг хүлээж байна. Цэцэрлэгийн болон сургуулийн бага насны хүүхдүүдийн сэтгэхүйд тохирсон “Хүүхдийн оролцоотой” бүтээл буюу жүжиг үзэж байгаа хүүхдүүд жүжигчидтэй хамт хөгжин баясаж, дуулж бүжиглэдэг сонирхолтой жүжгийг үзсэн хүүхэд бүхэн амттанаар дүүрэн “Хүүхдийн баярын бэлэг”-ээ давхар авах гэнэ. Мөнхүү сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан энэ үед МҮЭСТО-нд  тогтмол хичээллэдэг 20 гаруй төрлийн сургалтанд 20 хувийн хөнгөлөлттэй суралцах “Эрхийн бичиг” ч энэхүү тоглолтын тасалбарт дагалдах юм. 

ЦАСАНГОО БА ДОЛООН ОДОЙ

“Номадик балет” продакшны уран бүтээлчид ах, дүү Гриммийн 1812 онд зохиосон алдарт “Цасангоо ба долоон одой” үлгэрийг 2016 онд хөгжмийн зохиолч Павловскийн хувилбараар тайзнаа амилуулж байсан билээ. Тэгвэл тэд өөрсдийн бэлгийг бяцхан үзэгчдэдээ зориулж “Улаанбаатар чуулга”-ын тайзнаа баярын өдөр тоглохоор болсон байна.



Хүн бүхний танил, дэлхий дахинд алдартай "Цасангоо ба долоон одой" хэмээх энэхүү үлгэрийг дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулан, тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн гол сэдэв болгосоор ирсэн. Тэдгээрээс хамгийн алдартай нь 1937 онд "Уолт Дисней" студийн таван жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн "Цасангоо ба долоон одой" бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн кино бөгөөд дүрүүд нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ. Дэлхийн олон театрт "Цасангоо" балетыг тоглодог бөгөөд “Номадик балет" продакшны авьяаслаг, хөдөлмөрч залуусын эх орныхоо тайзан дээр анх удаа тус жүжгийг амилуулсан нь Монголын сонгодог урлагийн хөгжилд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.

БҮЛТЭЭХЭЙ ДЭЛДЭЭХЭЙ ХОЁР

“Бүлтээхэй Дэлдээхэй хоёр”-ын түүхийг баярын өдөрт зориулан хүүхэлдэйн театр дахин үзүүлэхээр болжээ. МУСГЗ Б.Нацагдоржийн зохиол болох тус жүжигт ахмадын үгийг үл тоож, бардам ихэмсэг, шунахайн сэтгэлтэй байх нь ямар хор уршигтайг харуулжээ. Учир нь эвтэй найртай амьдардаг тус амьтдын ойд Бүлтээхэй Дэлдээхэй хоёр бүжин ч наадан тоглож суудаг байв. Бүлтгэр нүдтэй Бүлтээхэй маань бушуухан том болоод хөөрхөн мисс туулай болохыг мөрөөднө. Хоёр бүжин шидэт цэцэг дэлгэрч жимсээ гарахад нь ганцхан долооход хүсэл нь биелэх байхад шуналтайгаар долоосноор тэр чигээрээ хөгшин туулай болдог. Тиймээс эцэг эхчүүд бусдын үгийн зөв бурууг ялгаж таних, зөв сайхан сэтгэлийн ач тусыг хүүхдүүддээ ойлгуулахыг хүсвэл тус жүжгийг үзүүлэх нь хамгийн сайн сонголт байх болно.



УЛААН МАЛГАЙТЫН АДАЛ ЯВДАЛ

Бид сүүлийн үеийн хийсэн кино бүрээрээ дуулиан тарьж буй “Фантастик продакшн”-ы уран бүтээлчдийг мэднэ. Тэгвэл найруулагч Б.Тамир тайзнаа нэгэн бүтээлийг найруулж хүүхэд багачуудад бэлэг барьсан нь бий. Энэ бол бидний сайн мэдэх эмээдээ хуушуур өгөхөөр ганцаар ой дундуур явдаг бяцхан “Улаан малгайт” охины түүх юм.  Уг жүжигт М.Баярбат, Э.Алдар, Б.Ганчулуун, Б.Барслхагва, Э.Одбаяр, Т.Бадамжав, Ж.Алтаншагай, Э.Баярмагнай, Б.Саруулбуян, М.Аззаяа нарын жүжигчид тоглодог билээ.



Энэ удаад ч тэд хүүхдийн баярт зориулан “Тусгаар тогтнолын ордон”-д “Улаан малгайтын адал явдал”-ыг тоглох гэж байна.  Тус жүжгийн үлгэрээс сэдэвлэсэн болохоос үлгэрт гардаг түүхийн замаар жүжиг хөврөхгүй. Тийм дээ ч шинэ содон дүрүүд нь хүүхдүүдийн анхаарлыг илүү татаад зогсохгүй онцгой, содон зүйлсээр дүүрэн байх нь мэдээж биз ээ.

ГУРВАН ТООРОЙН АЯЛАЛ

“Бамбүү” театрын анхны уран бүтээл болох "3 бяцхан тоорой" хүүхдийн жүжгийн үргэлжлэл "3 бяцхан тоорой сансар огторгуйгаар аялсан нь" жүжиг нь өмнөх жүжгийн адил хүүхдийн оролцоотой бөгөөд сансар гариг ертөнцийн талаар хүүхдүүдийн мэдлэгийг тэлэх шинэлэг контенттэй уран бүтээл билээ. Уг жүжиг Чойжин Сүитсийн хоёр давхарт байрлах “Creative Bamboo” театрт тоглогдох юм.



Тус жүжгийг үзсэнээр хүүхдүүд эв нэгдэл бүхнээс хүчтэй, бие биентэйгээ харилцах, нэгнээ хүндлэх соёлд суралцахаас гадна гэр бүлийн үнэ цэнэ хичнээн чухал болохыг ойлгох гэнэ. Мөн танин мэдэхүй уншиж мэдэхээс илүүтэй сонирхлоор хөгждөг болохыг таниулж, муу хүн гэж байхгүй харин муу үйлдэл гэж байдаг талаар мэдүүлэх юм. Бүх л хүүхэд бяцхан тооройнуудад хайртай байдаг. Тиймээс сансар огторгуйн гайхалтай газраар тэдэнтэй хамт аялахаас бяцхан үзэгчид маань татгалзахгүй болов уу.
 
Б.Алтанхуяг


Монгол брэнд