top banner

“Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдаан маргааш болно


2018-05-26 18:32:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдааныг маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах болсон талаар МҮБХ-ноос өнөөдөр мэдээллээ.

Барилдаанд улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх хүч үзэх бөгөөд үнэ төлбөргүй нийтэд үзүүлэх юм байна. Мөн барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, нэг хүн 500.000 төгрөг, хоёр хүн 250.000 төгрөг, таван хүн 100.000 төгрөгөөр урамшуулах болжээ. Шалгарсан азтангууд Монгол Улсын аваргуудтай дурсгалын зураг татуулах эрхтэй аж.

Улсын начин С.Эрхэмбаяр “МҮБХ-ноос жил болгон “Аваргууд”-ын нэрэмжит бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хугацаанд барилдаан зохион байгуулаагүй шалтгаан нь МҮБХ-г төлөөлөх эрхгүй, хэрэглэж байгаа тамга тэмдэг гэрчилгээ нь хүчингүй болсон. Хэсэг бүлэг хүмүүс нийгэмд болон МҮБХ-ний харилцдаг байгууллагуудад буруу мэдээлэл хүргэсэн үйлдлээс болж удаан хугацаанд бөхийн барилдаан зохион байгуулж чадаагүй. Цаашид ийм үйлдэл дахиж гаргахгүй, МҮБХ-ноос зохион байгуулдаг албан ёсны бөхийн барилдаануудыг цаг тухайд нь зохион байгуулж байх болно” гэлээ.

Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх “МҮБХ жил бүр алдар цолтой бөхчүүдийн нэрэмжит уралдаан зохион байгуулдаг. Энэ уламжлалыг бид хүндэтгэнэ. Аваргуудын нэрэмжит 128 бөхийн барилдааныг маргааш зохион байгуулна. Шагналаа нэмнэ. Бөхчүүдийнхээ хүч хөдөлмөрийг үнэлнэ. Тиймээс аваргуудыгаа бөхийн барилдаандаа ирэхийг урьж байна. Аваргууд бөх сонирхогчдоо хүндэтгээд хүрэлцэн ирж оролцоорой” гэлээ.
 
Н.Туяа

Монгол брэнд