Дэлхийн эдийн засгийн хөгжлийн талаар санаа бодлоо илэрхийлжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
172@montsame.mn
2018-05-26 15:39:39
САНКТ-ПЕТЕРБУРГ. /ТАСС/. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын баасан гарагт болсон нэгдсэн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон гол гол зорилтын талаархи Оросын үзэл бодлыг танилцуулав гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Бие биедээ итгэсэн, харилцан хүндэтгэсэн байдлаар шударгаар өрсөлдөх нь амжилттай хөгжлийн үндэс юм. Өнөөгийн нөхцөлд олон талт хамтын ажиллагааны үндэс суурь алдагдаж, хязгаарлалт, хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх замаар зах зээлүүдийн нээлттэй байдал болон шударга өрсөлдөөнийг шахан зайлуулж байна. Энэ нь дэлхий нийтийн тогтолцооны хямрал үүсгэх аюултай юм. Ийм нөхцөлд улс орноо нээлттэй байлгах, дэлхийд өрнөж буй үйл явцад идэвхтэй оролцох нь хөгжлийн гол зарчим хэмээн Орос улс үзэж байна” гэж Оросын төрийн тэргүүн тэмдэглэжээ.
 
Энэхүү чуулган дээр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар үг хэлэхдээ Оросын удирдлагын үзэл баримтлал, дүгнэлттэй ерөнхийдөө санал нэгтэй байгаагаа тэмдэглэж, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө үр бүтээлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ