top banner

"Гайхамшигт хүмүүсийн амьдрал", "Рах Мongolica", "Истанбул" таныг хүлээж байна


2018-05-26 14:38:37
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв талбайд үргэлжилж буй “Номын баяр-2018” арга хэмжээнд худалдаалагдаж буй зарим онцлог бүтээлүүдээс толилуулж байна.

"ГАЙХАМШИГТ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ"

Номын баярын өдрүүдэд шинээр мэндэлсэн нэгэн цуврал бүтээл нь МОНЦАМЭ асар дахь МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэгийн "Гайхамшигт хүмүүсийн амьдрал" ярилцлагын ном байв. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Санжаагийн Баяр, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Цэндийн Нямдоржтой хийсэн ярилцлагаас бүтсэн хоёр ном энэхүү цувралын салхийг хагалж буй. "Ярилцлага бол амьдралын хуудастай хамт шарлан үлддэг ч, эргээд эргүүлэхэд тэртээх мөчүүдийг навчсын шивнээ, салхивчин дээр нь суугаад жиргэж байсан болжморын дуутай нь хамт сэтгэл сэргээж чаддаг, өнгө будаг үнэ сэлттэйгээ амилж уншигддаг хамгийн дотно төрөл юм" хэмээн номынхоо эхэнд зохиогч өгүүлжээ. Нэгэн цагт Засгийн газар, МАН-ыг тэргүүлж явсан ч өдгөө хуулийн байгууллагад шалгагдан саатуулагдаж, хүндхэн өдрүүдийг өнгөрүүлж буй 27 дахь Ерөнхий сайд С.Баяртай хийсэн ярилцлагын "Би ирээдүй рүү нүүр бардам харна" ном эрхгүй олны анхаарлыг татаж байв. “С.Баяр бол миний ярилцлагын алтан партнёруудын нэг. Ярилцахад ямагт сонирхолтой, ямагт чигч шулуун, ямагт тодорхой, ямагт сэтгэлийн галбираа хадгалж үлддэг, бас хүнээрээ...” хэмээн цувралын анхны ботийнхоо эзнийг зохиогч тодорхойлжээ. 

          “Энэ цагийн хүмүүс энэ цаг үеийнхээ “баатар”-уудын түүхийг мартаж, гуйвуулдаг болж. Хүн улс орны түүхэнд ач холбогдол өгдөг мөртөө хувь хүний түүхийг тэр бүр хамгаалаад байдаггүй, хайнга ханддаг. Тийм ч учраас сүүлийн үед томоохон лидерүүдийн түүх маш их гуйвж байгаа. Ярилцлага бол амнаас унасан баримт, халсинд суурилдаг төрөл учраас амьд халуун дуу хоолойгоороо амьдралын хамгийн чухал үеүдэд өгсөн “шилдэг” ярилцлагуудаас шигшиж, өөрийнхөө ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд уулзаж учирч явсан дүрүүд, алтан партнёруудаар “Гайхамшигт хүмүүсийн амьдрал” цувралыг эхлүүлж байгаа юм. Нэг, хоёрдугаар ботидоо хоёр өөр фигур сонгосон. Дараа нь Б.Нямтайшир, Б.Сарантуяа, Асашёорү гээд үргэлжилнэ” хэмээн номын зохиогч өгүүлж байв.

Өнөөгийн цагийн хамгийн содон улс төрч хэмээн зохиогчийн тодотгосон Цэндийн Нямдоржийн “Энэ амьдрал нэг арьсан дотор нэг нүүртэй байж байгаад дуусчихвал сайхан шүү дээ” ном мөн л хэн хүний анхаарлыг татаж байв. Тэр бүр хэвлэлд ярилцлага өгдөггүй, “хаалттай”-гаар оршдог энэ эрхмийн маш дэлгэрэнгүй, илэн далангуй уудалсан 11 ярилцлагыг эндээс уншиж, Ц.Нямдорж хэмээх улс төрч, хувь хүн, бие хүнтэй “танилцаж” болох нь. Энэ цаг үеийнхээ ховор, содон хүмүүсийн түүхийг үлдээсэн “Гайхамшигт хүмүүсийн амьдрал” цуврал их, дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн оюутнууд, сэтгүүлчдэд ч мэргэжлийн гарын авлага болох юм хэмээн Б.Ганчимэг тодотгож байлаа.



"PAX MONGOLICA"

Судлаач Бэсүд Ч.Эрдэнийн “Рах Mongolica” хэмээх үндсэрхэг үзлийн талаар гүн гүнзгий өгүүлсэн шинэхэн бүтээлийг МОНЦАМЭ асар мөн олонд хүргэж байна. “Чинад нууцын Монгол орон ном”-ын шилийг даран хэвлэгдсэн энэхүү бүтээлээс өнөөгийн нийгэмд дутагдаж буй үндсэрхэг үзлийн үзэл санаа, логик санаа, философийг мэдлэгтээ нэмэрлэж, урам зоригоо хөгжөөх боломжтой. “Үүгээр Рах Mongolica даяар төслийг зарлаж байна. Энэ нь Монголоор ба Монголоос дэлхийг дахин даяарчилж, төвхнүүлнэ гэсэн хэрэг. Тийм хүчирхэг үндэслэлийг Дээд тэнгэрээс гардуулсан болохыг эл товхимолд бүх талаар тодруулна. Хэн хүчирхэг байсан бэ, тэр дахин хүчирхэгжинэ гэж түүхийн философийн логик аксиом. Аттилын Хүннү гүрэн, Чингисийн Их Монгол Улсын дараа өнөөгийн та бидний төв монгол үндэстэн, бөмбөрцөгийн монгол угсаатан түүхийнхээ эн цард хүрч үндэсний ба дэлхий нийт соёл иргэншлийн шинэ хувьсгалт дэвшлийг хангах түүхэн болзоо учирлаа. Дээр тэнгэрээс толилуулан буй эл товхимол нь “Чинад нууцын Монгол орон” номын 10-ны 1, надад буй мэдээлэл, өгөгдэхүүний 100-ны 1 хувь. Эдийн засаг ийм шахаанд оруулсан нь сайн хэрэг. Учир нь, гүйцэт хийсэн судалгааны үр дүн сайхан товчлогддог онцлогтой” хэмээн судлаач Бэсүд Ч.Эрдэнэ номынхоо өмнөтгөлд бичжээ.
Хос бичигт “Аян замын тэмдэглэл”
МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяагийн “Аян замын тэмдэглэл” ном “Номын баяр”-т бас нэгэн онцлогтой бүтээл болж буй. Учир нь хос бичиг буюу крилл, монгол бичгээр хэвлэгдсэн гэдгээрээ энэхүү бүтээл эрхгүй анхаарал татаж байлаа. 2013 онд “Идэрийн цэнхэр эгшиглэн” хэмээх бүтээлээ хос бичгээр хэвлүүлж байсан зохиогч энэ удаад мөн уламжлалаа хадлаган ийн монгол бичгээр давхар хадмаллаж. Сэтгүүлзүйн төрөл зүйлийн аян замын тэмдэглэл, нийтлэл өгүүллийн төрлөөр голчлон бичих сонирхол, онцлогтой гэдгээ номын зохиогч Б.Элбэгзаяа өмнөтгөлдөө онцлоод, сэтгүүлзүйн “Амраах, алжаал тайлах” үүргийг орхигдуулж, умартаж болохгүйг мөн сануулаад авчээ. “Өөрөөн төгс эс бөгөөтөл, бусдыг бөх зүрх гарган шүүтэглэж, мөнхүү эгээрэн буй зэгсэн бүтээлүүдийг төрүүлэх билэг авьяастныг дуудах сайн цагийн даллагад өчүүхэн ч болов тус хүрээсэй хэмээн тэмдэглэлийн номоон хэлхэж, мэргэн уншигч Танаа өргөн барилаа. Эгшиг яруу эх хэлээн ч, яндашгүй баялаг үндэсний бичгээ ч аль алиныг нь энэ тэнцүү мэдэрч мэдэх, сурч хэрэглэх, түүгээр ер юуг ч туурвин, ямрыг ч илэрхийлэн, “мэргэн цоохор”-ыг бүтээж болох мэдрэмж ухааны угж болох ахул өчүүхэн миний зорилго бүтлээ гэсэн үг” хэмээн шинэ бүтээлээ тэрбээр тодотгон өгүүлжээ.




"ИСТАНБУЛ: ДУРСАМЖ БА ХОТ"

“Номын баяр”-т хөл хөдөлгөөнтэй өнжиж буй асруудын нэг нь “Тагтаа”. Энэ удаагийн “Номын баяр”-т уншигчдын дунд эрэлттэй байгаа номуудад "Тагтаа паблишинг"-аас бэлтгэн гаргасан Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн дурсамж, дурдатгалийн орж байгаа аж. Номын баярын өдрүүдэд олны гар дээр анх удаа хүрч буй уг номын зохиолч Орхан Памук нь Туркийн оюун санааны баялаг ертөнц, хүчирхэг үүх түүх, соёл, уугуул чанарыг орчин цагийн уур амьсгалтай гарамгай сүлэн бичдэг бичдэг. "ИСТАНБУЛ: дурсамж ба хот" номоос уншигч үндэстнийхээ оюун санааг тээсэн үндэсний хэмжээний сэхээтэн-зохиолчийн өсөлт, төлөвшил, эх орноо гэсэн чин сэтгэл, дотоод амь халуун ертөнц, уугуул иргэншил соёлоо ямар гярхай дүгнэн ажиглаж байгааг бахдан тольдож болно хэмээн "Тагтаа паблишинг"-ийнхэн онцолж байв.

Мөн “Тагтаа” асарт 20-40 хувийн хямдралтайгаар Балдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргалын сонирхолтой эсээ, тэмдэглэлээс бүрдсэн "25", номуудын орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадуламын орчуулсан Албер Камюгийн "Хөндлөнгийн хүн", Федерико Феллинигийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл", "Оршихуйгүйгээр оршихуй", "Амьдрал нэрт Кафед" "Английн хаад хатад" зэрэг бүтээлүүдийг худалдаалж байна. Кино хорхойтнуудад зориулж Италийн алдарт найруулагч Федерико Фелинигийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл", оросын домогт найруулагч Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэл, ярилцлагын эмхэтгэл "Хугацаан дотор хугацаа" номнуудыг багцаар нь 30 хүртэл хувийн хямдралтай санал болгож байв.

Номын хорхойтнуудад зөвхөн ном бус "Утга зохиол бол миний утопи", "Нохой мэт үнэнч" гэсэн бичигтэй эко хэрэглээг дэмжсэн даавуун тор, суут зохиолчдын зураг, хүчирхэг эшлэл үгтэй ил захидал, номын хавчуургыг бас зориулан бэлтгэжээ.

Н.Гантуяа


Монгол брэнд