Баян-Өлгийд жилд 150 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулагдав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-23 18:53:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Өлгий цемент" компани Өлгий хотод жилд 150 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж, ашиглалтад өгөхөд бэлэн боллоо.

Үйлдвэр байгуулах ажил 2016 оноос эхэлсэн бөгөөд нийтдээ 20 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй аж.

Уг асуудлаар компанийн дэд захирал А.Бейбитээс тодруулахад, "Тус үйлдвэр нь УИХ-ын гишүүн Д.Муратын санаачлан хэрэгжүүлсэн төсөл юм. БНХАУ-ын компанитай хамтран барьж байгууллаа. Хамгийн гол онцлог нь бүрэн автомат удирдлагатай, гар ажиллагаа маш бага шаарддаг. Үйлдвэрийн угсралтын ажил саяхан дуусч, өчигдөр туршилтаар анхны бүтээгдэхүүнээ гаргасан. Үйлдвэр маань бүх төрлийн маркийн цементийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх бүрэн боломжтой. Бүтээгдэхүүний үнийн хувьд зах зээлийн үнээс 10-20 хувь хямд гарна. Баян-Өлгий аймгийн цементийн жилийн хэрэгцээ 70 мянга гаруй тонн байдаг. Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласан тохиолдолд зөвхөн Баян-Өлгий биш баруун гурван аймгийн хэрэгцээг бүрэн хангана" хэмээлээ.

Цементийн түүхий эд болох шохойн чулуу, нарийн боловсруулсан үнс зэргийг орон нутгаас бэлдэж, харин төмрийн үрдэс, клинкерийг Улаанбаатар хот, БНХАУ-аас оруулж ирэх юм байна. Гэхдээ цаашид клинкерийн үйлдвэр бас байгуулахаар ажиллаж байгаагаа тэрээр илэрхийллээ.

Цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа ирэх сараас эхлэх бөгөөд орон нутгийн 50 орчим иргэнийг ажлын байраар хангах ажээ.

Ө.Нурболат

 
Холбоотой мэдээ