top banner

Монгол, АНУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хуралдааныг хийхээр тохиролцов


2018-05-23 12:12:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын II зөвлөлдөх уулзалт 2018 оны 5 сарын 22-ны өдөр Вашингтон хотноо болов. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, америкийн талаас Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч Брайн Макфитерс нар тус тус ахалж оролцов.
 
Уулзалтад ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Америк, Ойрхи Дорнод, Африкийн газар, Олон улсын гэрээ, эрх зүйн газар, Вашингтон дахь Элчин сайдын яам болон АНУ-ын Төрийн департамент, Худалдааны яам, Сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Экспорт, импортын банк, Мянганы сорилтын корпораци, Гадаад  дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын корпорацийн төлөөлөл байлцав.
 
Талууд зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын эдийн засгийн харилцааны өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцсон бөгөөд АНУ-ын Засаг захиргааны Энэтхэг-Номхон далайн талаарх стратеги, монголын макро эдийн засгийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин, худалдааг хөхиүлэн дэмжих, хуулийн зөвлөгөө, монголын бараа, үйлчилгээний экспортыг төрөлжүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тэтгэмж, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин зэрэг эдийн засгийн салбарын томоохон асуудлыг хэлэлцэв. Хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замын зураг боловсруулах төлөвлөгөөний талаар мөн ярилцав.
 
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд байгуулах Мянганы сорилтын корпорацийн Хоёр дахь компакт гэрээний албан ёсны хэлэлцээ амжилттай болсныг талууд сайшааж, Монгол Улс, АНУ-ын хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.

Монгол брэнд