top banner

Даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зөв зохистой удирдах шаардлагатай гэв


2018-05-22 15:57:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтын талаар тайлан сонсов. 

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Ганболд, М.Оюунчимэг, А.Ундраа, Л.Энх-Амгалан нар ажилласан байна. Ажлын хэсэг удирдамжийн дагуу гурван удаа, дэд ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн байдал, түүнтэй холбоотой гарсан зөрчил дутагдлыг илрүүлж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн хэмээн Ажлын хэсгийн ахлагч Н.Номтойбаяр танилцуулсан.

Ажлын хэсэг Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг зов зохистой удирдаагүй, арилжааны банкны харилцах дансанд их хэмжээгээр байршуулж 10.3 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогын алдагдал хүлээсэн хэмээн дүгнэсэн бөгөөд өнгөрсөн хугацааны дээрх сангуудын зарцуулалтыг нарийвчлан шалгах ажлын хэсгийг шинээр өргөтгөн байгуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Тиймээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зөв зохистой удирдах, сан тус бүрийн сарын зарлагыг нарийвчлан тооцох, арилжааны банкинд байршуулахдаа харилцах хадгаламжийн зохистой харьцааг хангах, банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан байршуулах саналтай байгаагаа мөн Ажлын хэсгийн тайланд тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Энэхүү тайланг хэлэлцэх үеэр Ажлын хэсгийн ахлагч Н.Номтойбаяр тайланд тусгагдсан болон гишүүдээс гаргасан саналуудыг тусган Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулан Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. 
Н.Туяа

Монгол брэнд