Малайзын Ерөнхий сайд авлигатай тэмцэх комисс байгуулжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-05-22 13:24:02
КУАЛА-ЛУМПУР. /Эн-Эч-Кэй/. Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамад өмнөх Ерөнхий сайдын нэр холбогдсон олон зуун сая ам.долларын дуулиант хэргийг шалгах тусгай комисс байгуулсан тухай "Эн-Эч-Кэй" телевиз мэдээллээ.

Тус комисс нь Ерөнхий сайд асан Нажиб Разакийн 700 сая ам.долларыг улсын хөгжлийн сангаас хувийн данс руугаа шилжүүлсэн гэх хэргийг шалгах аж.

М.Мохамад өчигдөр  Засгийн газрын ордны гадна төрийн албан хаагчдад хандан мэдэгдэл хийх үеэрээ авлигыг үндсээр нь устгахаа амлажээ. Тэрбээр Малайзын хөгжлийн сангийн асуудалтай холбоотойгоор Н.Разакийг өмнө нь нэг бус удаа буруутгаж байсан юм.

Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хоорондын зааг хязгаарыг тодорхой болгохыг Ерөнхий сайд М.Мохамад мөн уриалсан байна.
 
Малайзын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Н.Разакийн гэрт нэгжлэг хийн олон тооны тансаг хэрэглээний бүтээгдэхүүнийг хураан авсан юм. Харин Ерөнхий сайд асан өөрийгөө гэм зэмгүй хэмээн мэдэгдсээр байгаа билээ.

Шинээр байгуулагдсан авлигатай тэмцэх комисс нь АНУ, Швейцарь болон бусад улс орны хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах ажээ.
 
Э.Хулан
Холбоотой мэдээ